На.Сүхбаатар: Монгол улс маань тэнхээ сууж, тарсан бутарсан монгол ахан дүүсд нөмөр нөөлөг болох цаг хурдан ирээсэй гэж хүснэм

DSC_7127– На багшаа! Он дуусах гээд завгүй байна уу.
– За, би ч цагийг нь тулгаад байдаг хүн биш. Гэхдээ л сарын дараа могой жил шувтрах гээд төлөвлөсөн хэдэн номоо гаргаж дуусаагүй, тулгуу л байна.
Улирч байгаа 2013 онд та гадагшаа нилээд явлаа. Бидэнд сэтгэлд үлдсэн халуун дулаан уулзалт, үзэж харснаасаа ярьж өгөөч.
– 2013 онд нилээд явсан шүү. Халимагт одлоо. Бас Шинжаанд 14 хоногт 5200 км аяллаа. Өвөрмонголын Их сургууль дээр лекц уншлаа. За ямар сэдвээр ярья даа. Саяхан энд тэнд сүүдэрлэсэн зургаа үзэж суутал настай хүмүүстэй авахуулсан зургууд нилээд байна. Хол газар суудаг ахан дүүстэйгээ уулзах уулзалт бүр халуун дулаан байдаг даа. Мартагдаагүй байсан дээр зарим нэгэн уулзалтын тухай ярьж өгье.
Сайхан сэдэв байна даа. 
– Цагаан сарын дараахан манай “Тод номын гэрэл төв”-ийн Удирдах зөвлөлийн 4 гишүүн, гүйцэтгэх захирал миний бие Халимагт цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж айлчилсан. Бид 5-ыг Халимагийн Ардын хурлын дарга, Боловсрол соёлын сайд, Элстэй хотын дарга гээд олон хүн хүлээн авч уулзаж, хамтынажиллагааны хол ойрын төлөвлөгөө ярьсан. Айлчлалын хүрээнд Бага чонос гэдэг газарт очиж хөдөөгийн амьдрал ахуйтай танилцаж, дунд сургуульд нь зочлов. Сургуулийн үүдэнд Дорж гэдэг 83 настай хүнтэй уулзлаа. Биднийг 14 цагт ирнэ гэдгийг 11 цаг гэж ойлгоод 3 цаг хүлээж суужээ. Бяцхан концерт сургуулийн сурагчид үзүүлж, бид ч гэсэн ая дуугаа өргөөд халуун дулаан үг хэлцгээж байтал нөгөө өвгөн гарч ирээд үг хэллээ. Тэр хүн Монгол улсаас ирсэн хүмүүстэй анх удаа уулзаж байгаа гэнэ.
Би таданд кэлс гэлүв.(Би та нарт хэлье гэсэн юм) Манайхсыг дайны цагт хол газар, кийтэн Шивэрт түйрэнд ёвуулсым (хүйтэн сибирьт шорон цөллөгт явуулсан юм.) гээд төрөлх халимаг хэлээрээ урсгаж гарав. Би 13 настай байсан. Надад 9 настай дүү охин, 5 настай дүү хөвүүн, нэг ой хүрээгүй хөөрхөн охин дүү байсан. 1943 оны 12 сарын 28 ний тэр хүйтэн өдөр биднийг бүгдийг гэрээс тууж гараад машинд ачаад аваад явсан. Дараагаар галт тэргэнд ачаад хүйтэн Сибирьт цөлсөн. Олон хоног явсан. Хүн бүр яах гэж машинд суулгасан, хаашаа явж байгаа гэдгээ мэдээгүй. Бид халимаг хэлнээс өөр хэл мэдэхгүй. Биднийг гэрээс шууд ачсан. 3 кг ачаа ав гэсэн. Буцалж байсан цай гал дээрээ үлдсэн. Мал ачдаг таваарын воганд биднийг чихээд суулгасан. Бид маш их даарч, өлсөж, настай хүмүүс, бага бичхэн хүүхдүүд үхэж эхэлсэн. Миний хамгийн хайртай бага дүү маань даараад нас барсан /уйлж эхэллээ/. Хүйтэн Сибирьт очоод бидэнд идэх хоол байсангүй, миний 2 дүү бүгд өлсөж, турж нас барсан. Би одоо 83 нас хүрч байна. Буцаж ирээд энэ Бага чоносоос холдсонгүй. Би одоо ганцаардаж байна. Би шөнө бүр дүү нараа зүүдэлдэг, миний хайртай дүү нар миний нүдэн дээр хөлдөж, өлсөж нас барсан. Тэд миний үгнээс гардаггүй, миний олж өгснийг голохгүй иддэг, томоотой хүүхдүүд байсан. Тэд нараа санаж байна /цурхиран уйлаад…/ Одоо би үхэж өгдөггүй, ийм л өвгөн байна.
– Ай, яасан хэцүү юм бэ.
– Бид тав нэгэн зэрэг нусаа татаад, чимээгүйхэн уйлж гарсаан. Мөн ч гашуун байсан шүү. Миний нулимс тогтож өгөхгүй, энэ түүхийг сайн мэддэг болоод ч тэрүү, гүнзгий мэдэрснээс тэр үү. Дорж гуай ухаандаа Их монголын нутгаас (Халимагууд Монгол улсыг хүндэтгэн Их монгол гэж хэлцгээдэг) ирсэн хүмүүст “хов хүргэж” байна л даа. Аавдаа, ахдаа, ээждээ хов хүргэж буй хүүхэд шиг. 70 жилийн туршид хэн нэгэнд хэлнэ дээ гэж цээжний гүнд хадгалж байсан үгээ эхэр татан татан хэлж, хоёр гараараа нулимасаа арчин зогсох тэр настай хүний дүр төрхийг өнөөдөр ч гэсэн бодохоор өр өвдөнө.
– 1940-өөд оны Халимаг ахан дүүсийг сүйрүүлсэн тэр үйл явдлын тухай тодруулж хэлж өгтөн.
– Сталины тушаалаар бүх халимагуудыг Сибирьт цөлсөн шүү дээ. Халимагийн амьдардаг нутаг нь их хүйтэн биш. Сибирь юу билээ, цас мөсний орон. 1943-1957 онд 14 жил цөллөгөнд аж төрөөд эргэж нутагтаа иржээ. Тэр өвгөн 13 настай байсан тул бүгдийг нь тодорхой санаж байна. Сталин халимагийг үндэстний нь хувьд устгах бодлого барьж, бараг л санасандаа хүрсэн этгээд дээ. Ер нь энд тэндхийн монгол ахан дүүс 20-р зуунд их л хатуу зам туулсан даа.
Та одоо жаахан өөдрөг зүйл ярьж өгөөч. 
– За даа, чи анхнаасаа иймэрхүү зүйл яриулах гээд байсангүй юу. Сайхнаас нь ярьвал зөндөө л юм байна. Бас зурагт дүр төрх нь үлдсэн нэг хүний тухай ярья.
– Бас Халимагт уулзсан хүн үү.
– Бишээ, Шинжаанд уулзсан хүн. Манжууд Ойрад-Зүүнгарыг эзлэн аваад Ховдын хязгаар, Шинэ хязгаар гэсэн 2 нэгж байгуулсан. Шинэ хязгаар буюу Шинжаанд олон хүмүүстэй уулзсаан. Тэд бусад монголчуудаа Өвөр монголынх, Монгол улсынх гэж ялгаж нэрлэнэ. Баянгол жуугийн төв Хэжин хотноо Даш гэдэг өвгөнтэй уулзлаа. Бидний хэл аялгууг тодорхой сайхан байна гээд ойрад аялгуугаар дуржигнуулж, чангаар инээнэ. Энэ хүн маш сайн “цээжтэй” хүн. Хуучны хэлц үг, зүйр үг, цэцэн үгээр чимэглэж ярих нь гайхалтай. Хэлсэн бүхнийг нь хурааж аваад бараг ном болгомоор хүн байна гээд өөрт нь хэлэхэд
“Элжигэнд үсэн /сүү/ байвч хэн саана?
Эрдэнийн көвүүнд эрдэм байвч хэн хэрэглэнэ?” гээд үл тооно. Бид 8-уулаа Шинжаанд очсон. Бид аль болох үндэсний хувцасаа өмсөж элдэв арга хэмжээнд оролцож байсан л даа. Биднийг хараад магтаж байнаа.
“Сүмд суулгавал гэлэн болмоор
Сүрэгт тавибал бух болмоор” сайхан залуу байна л гэх юм. Бид их ярилцсаан. Тэр хүн биднийг заавал дайлж цайлж байж явуулна гээд томоохон хүлээн авалт хийж билээ. Бид тэтгэврийн насны, орлого багатай хүнээр ийм их зардал гаргуулж байгаадаа санаа их зовлоо. Харин тэр хүн “Байсан байсан газартаа баян чинээлэг байж, хүнд хэлүүлэлгүй, нохойд хуцуулалгүй явах”-ыг сургасаар баяр бахдалтай хоцорсон. Монгол нутгаас авч гарсан нэг шил архи тэргүүтнээ өргөн барихад “Их нутаг”-аас ирсэн идээний дээж хэмээн цээж бөхийлгэн мэхийн ёсолж гардан авч байсан. Дараа нь лавтайяа үеийн өвгөчүүдээ цуглуулж суугаад түүнийгээ задалж монголчуудаа дурсана ярина даа. Дээрхэн би Халимагт хэдэн настны дунд нэг шил архийг “Туул голын усыг амстан” хэмээн дэвшүүлэхэд бүгдээрээ амандаа балгачихаад цааш нь уухгүй суугаад байж билээ. Ямар учиртайг асуухад биедээ удаан шингээн хүртэж байна гэж хариулсан. Даш гуай бас тиймэрхүү “зохион байгуулалт” хийх нь лавтай.
Тарж бутарсан монгол ахан дүүсээ эргэж тойроод, судлагаа хийж байгаа энэ үйлс тань цааш улам их эрчтэй байх болтугай. Дараа ийм сэдвээр дахин ярьж өгөөрэй.
– Монгол улс маань тэнхээ сууж, тарсан бутарсан монгол ахан дүүсд нөмөр нөөлөг болох цаг хурдан ирээсэй гэж хүснэм, бас ерөөнөм.

Б.Адъяа

https://www.facebook.com/toddorvoljin.tbb?fref=ts

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …