Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр Солонгос улсын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй.

Тэгвэл тус баг өнгөрсөн гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийж, өнөөдөр өвчтөний биеийн байдал сайжраад байна.

Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд төрсөн дүү нь элэгний донор болжээ.

УНТЭ-ийн Гүйцэтгэх захирал, АУ-ны доктор Б.Хишигжаргал элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслын үеэр “Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь орчин үеийн анагаах ухааны хөгжлийн томоохон үзүүлэлт юм. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээс хойш 200 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд мэс заслын эмчээс гадна мэдээгүйжүүлэг унтуулгын эмч, лаборатори, дүрс оношилгоо, дотрын эмч, сувилагч зэрэг маш олон баг ордог. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын долоо хоногтоо нэг удаа хийх хүчин чадалтай хэдий ч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их байгаа учраас менежментийг эмнэлэг дотроо хийж, аль болох шаардлагатай гэсэн хүн болгонд мэс засал хийж ажиллаж байна. 2022 онд хийсэн мэс заслын тоог харвал 2021 оныхоос даруй хоёр дахин их байна. Энэ нь манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар, зүтгэлийг харуулж байна. Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого барин ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн: Монгол Улсын эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах мэс засал нутагшаад 10 гаруй жил болж байна. Өнөөдрийн байдлаар бид 200 гаруй өвчтөний алтан амийг аварч, элэг шилжүүлэн суулгах өндөр технологийг эх орныхоо хөрсөнд бүрэн нутагшууллаа. Элэгний эмгэг эцсийн шатанд орсон өвчтөнүүдийг бид өмнө нь эмчилж чаддаггүй байсан бол өнөөдөр дийлэнх хувьд нь мэс засал хийж, амийг нь аварч чаддаг болсон. Энэ нь УНТЭ-ийн хамт олны том гавьяа гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэдий цар тахалтай хүнд хэцүү байсан ч элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 80 орчим өвчтөнд мэс засал хийжээ. Цаашид бид Монгол Улсдаа судасны банктай болох, хос донороос элэг шилжүүлэг суулгах, нойр булчирхай шилжүүлэн суулгах зорилт тавин ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …