Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” болов. Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо.
Засгийн газрын бодлогын цөм хэсэг нь хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд үүнд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал. Тиймээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай Ерөнхий сайд илэн далангүй ярилцаж, санал солилцов.
Боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг чанаржуулах, залуу багш нарыг бодлогоор дэмжих, түрээсийн болон ипотекийн орон сууцанд хамруулах боломж бүрдүүлэх, багш бэлтгэх тогтолцоонд анхаарах, сурах бичгийн агуулга, уялдаа холбоог сайжруулах, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг багш нар хэлж байв.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оноос үнэлгээний шинэ журмаар сурагч, багш, сургууль нэг бүрийг үнэлж эхэлсэн. Ингэхдээ нийт багш нарыг ур чадвараар нь зургаан индекст хувааж 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн багш нар буюу 43 хувь нь 10-25 хувийн урамшуулал авч, 5-6 дугаар түвшинд эрэмбэлэгдсэн багш нар ур чадвараа ахиулах модуль сургалтад хамрагддаг болжээ. Уг үнэлгээнд үндэслээд цэцэрлэгийн багш нарын 42, ЕБС-ийн багш нарын 45 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдсан. 2023 оны дөрөв, тавдугаар сард цэцэрлэг, сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Үнэлгээг чанаржуулах, багш бэлтгэх, нэр хүндийг нь өсгөх, орон нутгийн багш нарын таван жил тутамд авдаг урамшууллыг эргэж харах бодит шаардлага үүссэнийг Ерөнхий сайд салбарын яам, агентлагийн удирдлагуудад анхааруулав.
Багш нарын санал, хүсэлтэд дурдагдсан оюутан-багш бэлтгэх, цалингийн нэмэгдлийг шийдвэрлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, түрээсийн орон сууцанд багш нарыг хамруулах, боловсрол олгох ялгавартай байдлыг арилгах, залуу багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргийг цогцоор нь тусгасан багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг шуурхай боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ:

-Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийт багш нарын цалин доод тал нь нэг сая төгрөг байгаа. Цалинг 20 хувь нэмлээ гэхэд 1,2 сая төгрөг болно. Үүний оронд хувь тооцож нэмэх бус мөнгөн дүнгээр нэмүүлбэл зөв санагддаг. Мөн орон нутгийн багш нарт таван жил тутамд нэмэгдэл олгодог. Үүнийг Улаанбаатар  хотод ажиллаж буй багш нар бас олгомоор байна. Тэгэхгүй бол багшлах боловсон хүчний асуудал улам хүндрэлтэй болж байна. Багш нарын ихэнх нь ипотекийн найман хувийн хүүтэй зээлтэй. Энэ зээлийг зургаан хувийн зээл рүү шилжүүлэх боломж байна уу.
Нийслэлийн 20 дугаар сургуулийн бага ангийн багш С.Болормаа:


-Бага ангийн багшийн ажлын ачаалал дунд, ахлах ангитай харьцуулахад маш их. Манай анги гэхэд анх 60 хүүхэдтэй байсан. 60 хүүхэдтэй нэг бүрчлэн ажиллана гэдэг амаргүй. Эмч нарыг бэлтгэхдээ резидент гэж оюутан байхаас нь ажиллуулдаг. Үүнтэй адил оюутан багш гэдэг байдлаар бага ангийн багш нарыг туслах багштай болгож өгөөч. Дэвтэр засалтын мөнгө хасагдсан. Үүнийг хасах биш нэмэх тал дээр анхаармаар байна.
Багануур дүүргийн “Оюуны эрин” сургуулийн хөгжмийн багш Г.Оюунжаргал:


-Налайх, Багануур бол нийслэлийн есөн дүүргийн нэг. Алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй биднийг хөдөөний багш гэдэг. Гэтэл нийслэлийн нэг дүүрэг учраас бидэнд нэмэгдэл олгодоггүй. Баганууртай 10 гаруй км зайтай байдаг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр гээд сумдын багш нар таван жил тутамд цалингийн нэмэгдэл авдаг. Алслагдсан гурван дүүргийн багш нарт нэмэгдэл олгомоор байна.

Нийслэлийн 103-р цэцэрлэгийн багш Б.Нямсүрэн:


-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ачаалал, анги дүүргэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй багассан. Цэцэрлэгийн хүртээмж ч манай хороодод нэмэгдсэн. Чингэлтэй дүүргийн 17-р хороонд гурав, 18-р хороонд гэхэд хоёр цэцэрлэг ажиллаж байна. Ачаалал үнэхээр багассан. Хүн ам төвлөрсөн газраа бол хүүхдийн тоо их байдаг. Үүнийг нэг ангид 25 хүүхэд гээд стандарт тогтоомоор байна.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 97-р сургуулийн бага ангийн багш И.Мөнхцэцэг:


-Бага ангийн багш нар хүүхдэд найман төрлийн шинжлэх ухааныг эзэмшүүлэх гэж хичээдэг. Багш бэлтгэдэг сургуулиудын чанарт онцгой анхаармаар байна. Биднийг багш болж байхад сургуульдаа сурлагын чанараар нэг, хоёроор жагссан хүүхдүүдийг шалгаруулж авдаг байсан. Бага ангийн багш бол хүүхэдтэй харилцах харьцаа, хүүхэд хайрлах байдал гээд маш олон зүйлийг эзэмшсэн байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан. Тиймээс багш бэлтгэх босго оноог өндөрсгөж, шалгуурыг нь сайжруулахад анхаармаар байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.