Засгийн газар “Чингис”, “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

Монгол Улсын Засгийн газар  2012 оноос  2015 он хүртэлх хугацаанд “Чингис”, “Дим Сам”, “Мазаалай”, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад” бондуудыг олон улсын зах зээлд  гаргасан.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам.долларын синдикат зээлийг 2021 оны 3-р сард,

2016 онд гарсан “Мазаалай” бондын үлдэгдэл 132,6 сая ам.долларыг 2021 оны 4-р сард,

2012 онд босгосон “Чингис” бондын өрийн 136,8 ам.долларыг 2022 оны 12-р сард бүрэн төлж барагдуулсан. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан эерэг таатай мэдээ дуулдлаа.

Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын  өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс ийнхүү сэргийлж чадлаа.

2023 оны 12-р сарын 25-нд төлөгдөх “Самурай” бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрийг хадгалсан.

2023 оны 9-р сард төлөгдөх “Евро” бондын 500 сая долларын өрийг “Хөгжлийн банк”-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт ба бусад эх үүсвэрүүдээс төлөх бүрэн боломжтой”гэдгийг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулах үеэрээ “2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая  ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж чадлаа. Нэн эгзэгтэй цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуй нэгжүүдэд талархлаа илэрхийллээ.

2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын ДНБ-ий 74 хувь, нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт болж байна.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давж, цар тахлын оргил үед -4,6 хувь байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7,6 хувийн өсөлтөд хүрээд байна.

Эдийн засгийн энэхүү үзүүлэлтүүдийг улам сайжруулж өнөөгийн хүндрэлийг даван туулахад шилдэг аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоо, дэмжлэг хамгаас чухал байлаа хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэллээ.

Ямартай ч эдийн  засгийн нөхцөл байдал хүнд үед Монгол Улс Гэрэгэ бондын өрийг барагдуулж чадсан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар оновчтой бодлого, шийдвэр гаргаж ажиллаж байгаа нь харагдаж байна.

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …