Жолооч нар товчоодоор нэвтэрсэн цахим төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байна

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл иргэдийн ярьж заншснаар хот, орон нутгийн замруу орж гарах товчоогоор нэвтэрхэд суудлын тэрэг 1000 төгрөг төлдөг байсан бол үүнийг бэлнээр авахаа больж таны авто машины дугаараар нэхэмжлэх үүсгэн дараа цахимаар төлөх боломжтой болгосон.

Эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан бөгөөд ингэснээр иргэд орон нутгийн замд товчоод дээр саатахгүй зорчих, хүнд суртал чирэгдэл арилах нөхцөл бүрдсэн билээ. Товчоод бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл 17.4 секунт зарцуулдаг байсан бол одоо 1-2 секунтэнд саадгүй нэвтэрч байна.

Төлбөр авах цэгүүд цахимжиж жолооч нар сааталгүй нэвтэрдэг болсноор энэ байдал үндсэндээ цэгцэрч байна.

Тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрсний нэхэмжлэхээ roadpay.mn сайтаар нэвтэрч улсын дугаараар хайлт хийн төлбөрөөр төлөх боломжтой.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь И-Баримт аппликешнээр хялбар бүртгэл гэсэн хэсэгт өөрийн тээврийн хэрэгслийг бүртгүүлснээр цаашид төлбөр төлөхгүй, НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо суутгуулах боломжтой юм. Цаашлаад банкны аппликешн бусад төлбөрийн шийдлийг цахим системд холбох зэрэг арчлалт хөгжүүлэлтийн ажил тасралтгүй явагдана гэдгийг албаныхан онцолж байна.

Төлбөр авах цэгүүд цахим болсноор түүнийг тойрсон хардалт, авлига хүнд суртлын асуудлууд нэг мөр цэгцэрч орлогын алдалт багасна. Түүний хэрээр зам засвар, арчлалтын ажил, цаг хугацаандаа түргэн шуурхай санхүүжих боломжтой болох юм.

Өнгөрсөн оны мөн үед Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийн бэлэн орлого 1.6 тэрбум төгрөг байсан бол өдгөө 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэх үүсээд байна. Өөрөөр хэлбэл төлбөр авах цэгүүд цахимжснаар орлого 1.5 дахин нэмэгдэх боломжтой болжээ. Харин нийт 4.0 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийн 7 хувь буюу 390 орчим сая төгрөгийг л иргэд ухамсараараа төлсөн байдалтай байна.

Манай Улс дэлхийн бусад улстай харьцуулахад энэ төрлийн төлбөр 5-10 дахин бага. Олон улсад 100 км тутамд төлбөр хураах цэгүүд байдаг бол Монгол Улсад 300 км тутамд 1 удаа төлбөр хурааж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …