Богд хааны ордон музейн засварыг Энэтхэгийн сэргээн засварлагчидтай хамтарч хийнэ

Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хэрэгжүүлж буй соёлын хамтын ажиллагааны хүрээнд урлаг, уран бүтээл, утга зохиолын ажилтнуудын өргөн хүрээг хамарсан олон улсын фестиваль, форум зохион байгуулагдаж байгааг талууд уулзалтын эхэнд онцлон тэмдэглээд цаашид хамтарч хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцов.

Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин түүх, соёлын дурсгалт мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын барилга, музейг хүчитгэх, их засвар хийх ажлуудыг эхлүүлсэн. Улмаар түүх, ур хийц, архитектутрын талаасаа барилгуудыг сэргээн засварлахад заавал олон улсын туршлагатай сэргээн засварлагчдын судалгаа, төлөвлөгөөнд үндэслэн хийж байгаа юм. Тиймээс энэ тал дээр БНЭУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа хэлэв. Богд хааны ордон музейг засварлахад 2.6 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд БНЭУ болон БНСУ-ын мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтарч сэргээн засварлалтын судалгааг хийсэн юм.

Иймд, тус ордон музейг сэргээн засварлахдаа өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаандаа үндэслэн тус музейн Лавиран, Найдан, Бурхадын сүм зэргийг засварлаж эхлэхээр болов.

Түүнчлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд багтах Кино урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Болливуудтай, нийт салбарын мэргэжилтнүүдийг хэлний болон мэргэжлийн сургалтад тэтгэлгээр хамруулах, сэргээн засварлагчдыг сургах зэрэг ажлыг хийхээр тохиролцов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Мохиндр Пратап Сингх хоёр улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …