Бокс: Б.Чинзориг, Б.Мишээлт нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Энэ жилийн боксын ДАШТ-д Монголын тамирчид одтой тулалдаж, хоёр медалийн болзол хангаад байна.

 63.5 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Л.Алваресийг ялж, хүрэл медалийн болзол хангаад буй.

Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны Б.Усмоновтой нударга зөрүүлнэ.

Харин “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт 67 кг-д Венесуэлийн К.Паласиог буулган авч, хоёр дахь медалийг эх орондоо авчирсан билээ. Хоёр дахь ДАШТ-дээ оролцож буй тэрбээр мөнгөн медалийн төлөө эзэн орон буюу Узбекистаны боксчин А.Мудинхуаевтай тулалдах болно.

Түүний өрсөлдөгч нь тивийн аваргын хүрэл медальтай, өнгөрсөн жилийн ДАШТ-д медалийн төлөө тулалдсан тамирчин юм.


Сонирхуулахад Б.Мишээлт ДАШТ-ээс хамгийн хүнд жинд медаль хүртсэн боксчин болж байна. У.Мөнх-Эрдэнэ 2009, 2013 оны ДАШТ-д 64 кг-д медаль авсан бол тэрбээр энэ жил 67 кг-д медалийн болзол хангасан билээ.

Тэдний хувьд ДАШТ-ээс Монголын боксчдын 15, 16 дахь медалийг авчирсан юм. Манай боксчдоос П.Сэрдамба цорын ганц алтан медалийг хүртээд байгаа. Түүнчлэн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн хос медальтан гэдгээрээ онцлог.

Энэ хоёроос гадна Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хос медаль хүртэж байжээ.

 

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …