Олон улсын жишигт хүрсэн судалгаа хийх орчин нөхцөлийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль бүрдүүлжээ

81 жилийн түүхтэй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн баг хамт олон Үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн салбар дундын судалгааны жишиг төв, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах зорилтын хүрээнд  Олон улсын жишигт нийцэхүйц судалгаа хийх орчин, нөхцөлийг бүрдүүлсэн Био-анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эмнэлзүйн молекул оношилгооны төвийг шинээр байгуулжээ.

Тус сургууль Анагаах ухааны хүрээлэнгээ оролцуулаад анагаах ухааны суурь, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэл зүйн судалгааг цогцоор хийх боломжтой болжээ.

Мөн салбар дундын хүрээлэнгүүдээ түшиглэн ген банк, генийн болон үүдэл эсийн эмчилгээ, эсийн инженерчлэл, тархи судлал, хиймэл оюун ухаан,  био технологи, молекул биологи зэрэг эрчимтэй хөгжиж буй салбар дундын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэх, орчин үеийн судалгааны шинэ арга аргачлал, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, дэлхийн шилдэг эрдэмтэд, судалгааны байгууллага, багуудтай хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, судалгааны үр дүнгээр шинэ бүтээл, инновацын бүтээгдэхүүн бий болгох ажлуудыг  амжилттай эхлүүлээд байна.

Судалгаанд суурилсан их сургууль болох эрхэм зорилгынхоо хүрээнд гадаадын 22 гаруй орны тэргүүлэх судалгааны 124 их сургуулиуд, хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  бүхий л чиглэлээр хамтран ажиллаж байна.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Монгол Улсын хэмжээнд төгсөлтийн дараах сургалтыг нэгдмэл тогтолцоонд шилжүүлэх ажлыг эхлүүлж, үндсэн 9 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх  сургалтууд нэгдсэн сургалтын хөтөлбөртэй болсноор эрдэм шинжилгээ, сургалт, эмнэл зүйн үйл ажиллагааг уялдуулсан  бүх шатны сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэхээр зорьж ажиллаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …