С.Бямбацогт: Замаа ч чанартай барьж, хяналтаа ч сайн тавина

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган эхэллээ. Энэ чуулганыг олон нийт чих тавин анхааралтай ажиглаж байгаа. Учир нь нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтүүд хийгдэх чуулган гэж үзэж байна. Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдийг санаачлан ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ хаврын чуулган үнэхээр ажил хэрэгч байхыг цаг үе шаардаж байна. Олон ч чухал хууль бодлого хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Манай салбарын тухайд гэхэд л Төмөр замын тээврийн тухай хуулийн төслөө энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулна. Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл байна. Өөрөөр хэлбэл салбарын эрх зүйн шинэтгэлийн тулгуур хуулиудаа энэ хаврын чуулганаар батлуулахыг хичээж байна. Хууль бодлого маань цаг үетэйгээ хөл нийлүүлж байж л нийгмийн хөгжлийн хурдаа гүйцэнэ шүү дээ. Бид агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл шударга өрсөлдөөнийг дэмжинэ гэсэн үг. Өрсөлдөөнийг дэмжвэл эцсийн бүлэгтээ хожигч нь иргэд байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 2023-2025 оныг “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд 10 гаруй улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж нийтдээ 50 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болгохыг зорьж байна. Сая л гэхэд Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа. Зарим хүн Катар, Кувейттэй агаарын харилцааны хэлэлцээр байгуулах тийм ач холбогдолтой юу гэж асууж байна лээ. Байлгүй яахав. Далайд гарцгүй манай улсын тухайд олон улсын зах зээлд гарах гарц нь агаарын тээвэр. Бид олон жил махны экспортыг нэмэгдүүлнэ гэж ярьсан. Тэгвэл нэг том зах зээл нь Персийн булангийн орнууд. Мөн Арабын ертөнцөөс аялагч жуулчдыг татахад агаарын тээвэр гүүр нь болно. Бид Катар Кувейт рүү мах, ноолууран бүтээгдэхүүн экспортлох өргөн боломж байна. Үүнийг үндэсний компаниуд маань түрүүлээд олоод харчихсан. Тэгэхээр тэднийгээ тээвэр логистикоор дэмжээд өгөх нь чухал. Агаарын ачаа тээврийг хөгжүүлэхийн ач холбогдол гэж чухам энэ шүү дээ. Энэ оны 6 дугаар сард АНУ- тай OPEN SKY хэлэлцээр байгуулна. Тус улсад амьдарч байгаа 50 гаруй мянган монгол иргэн маань шууд нислэгтэй болохыг тэсэн ядан хүлээсээр байгаа. Ер нь тээврийн салбарын либералчлал гэдэг үйлчилгээний чанарыг сайжруулах, үнэ өртгийг хямдруулах, өрсөлдөөнийг дэмжихийн л нэр шүү дээ. 

-Хаврын улс төрийг та хэрхэн харж байна. Чуулган эхлэхээс өмнө гишүүд тойрогтоо ажиллаад ирсэн шүү дээ. Тойргийн иргэд, сонгогчтойгоо уулзахад тэд юуг хүсэж, юун тухай ярьж байна вэ?

-Хавар улс төржихөөс илүүтэй цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтдээ анхаарах нь бидэнд илүү чухал байна. Хил боомт нээгдлээ, экспорт нэмэгдлээ, импортын гацаа түгжээ ариллаа, тээвэр сэргэлээ. Үүнийг дагаад 16 хувьд хүрээд байсан  инфляцийн түвшин 11 хувь руу орж буураад байна. Энэ эрчээрээ бол оны эхний хагастаа багтаад нэг оронтой тоо руу орчих эерэг хүлээлт байна. Чуулганы завсарлагаар зав гаргаад тойрогтоо ажиллаад ирсэн.Үнийн өсөлт, ялангуяа манай алслагдсан баруун бүсэд шатахууны үнэ, гурилын үнэ айл өрхийн амьжиргаанд багагүй дарамт болж байна. Бас хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох тал дээр анхаарч өгөөч гэсэн санал хүсэлт их байна. Малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, түүхий эдээ дотооддоо боловсруулах, орон нутагт шинэ ажлын байр бий болгох, үйлдвэржүүлэхийг хүсэж байна. Хөдөөгийн сэргэлт эндээс эхэлнэ гэдэгтэй тэд санал нэг байна. Манай Ховд аймгийн тухайд 15 жилийн өмнө засмал зам гэх юм бараг байгаагүй. Харин өнөөдөр Ховд маань Улаанбаатар хот төдийгүй хойд урд хөрш, бүр Ази Европтой холбогдсон 1300 км хатуу хучилттай авто замтай, хос дулааны станцтай болсон. Энэ жил ажил нь эхлэх Ховд Улаангомын зам ашиглалтад орохоор Улаанбаатар хот руу хойгуураа холбогдоно. Байтаг боомтыг ашиглалтад оруулж, хатуу хучилттай замтай болгон байнгын ашиглалтад оруулснаар баруун бүс урд хөрштэй холбогдох хоёр үүдтэй болно. Ховд Улаангомын замаар хойд хөрштэй холбогдох хоёр дахь хаалгаа нээнэ. Өөрөөр хэлбэл бид дэд бүтцийн асуудлаа ийм байдлаар эрчимтэй шийдэж байна. Энэ давуу байдлаа ашиглаад одоо үйлдвэрлэл хөгжүүлье, ажлын байр бий болгоё гэсэн хүсэлт их ирж байна. Ховд эко цементийн үйлдвэр ашиглалтад орж, 350 гаруй хүн ажлын байртай болж, “барилгын талх” цементээ баруун бүсийнхэн хотын үнээр авах болсон. Одоо харин энэ боломжоо ашиглаад иргэдээ хямд өртөгөөр орон сууцжуулах, инженерийн шугам сүлжээ орсон гэр хорооллын айл өрхүүдийг амины байшингаа хаус болгоход ипотекийн зээлийн бодлогоор дэмжих, барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх, ноос ноолуур, арьс шир, малын түүхий эдээ боловсруулах Үйлдвэрлэл технологийн паркийн ажлыг түргэтгэх асуудлыг эрчимжүүлэх нь жинхэнэ утгаараа ШИНЭ СЭРГЭЛТ-ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ болно шүү гэдгийг иргэд хэлж уламжилж байна.    

-Өнгөрсөн өвөл танай нутгаар тэр дундаа баруун аймгуудаар хүндхэн болж өнгөрлөө. Одоо хаваржилт ямар болох шинжтэй байна вэ. Малчид болоод мал нийтээрээ хэцүүхэн байх шиг байна шүү дээ…?

-Амаргүй хүндхэн өвлийг давлаа. Ялангуяа баруун гурван сумын тухайд цас их унасан, жавар тачигнасан хүнд өвөл болсон. Одоо л цас хайлж хүн малын зоо тэнийх аядаж байна. Гэхдээ салхи шуурга ихтэй хэвээр байвал ядарсан хүн мал гуйвах янзтай. Тийм ч болохоор Сум сумандаа туслая аяныг бүр өнгөрсөн өвлийн эхэн сараас зарлаж, малчиддаа туслах аяныг санаачлан зохион байгуулж, цагаа, эзнээ олсон тусламж үзүүлэхэд анхаарсан. Бид малаа гээд хүнээ мартдаг гэмтэй. Хаврын хахирт хүн ардынхаа эрүүл мэндийг бодох, хөгшид буурлууддаа анхаарал тавих асуудлыг орхигдуулж болохгүй гэсэн бодлоор л ажиллаж байна. Манайхан ч сум сумандаа туслаж, дэм дэмэндээ урин цагтай золгоход  дор бүрнээ хичээж байгаад баяртай байна. Элэг сэтгэлээрээ эвлэж нэгдсэн тэр хүмүүстээ баярлалаа гэдэг үгийг малчдынхаа өмнөөс хэлье. Нэг үеэ бодвол малчид маань ч өөрсдөө өвс тэжээлээ боломжоороо бэлдэх, цаг хүндрэхээс өмнө малаа эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр анхаардаг болсон байна. Хүндхэн өвөл, хэцүүхэн хаврын ард гарч байгаа тэдэнд одоо малын түүхий эд нь үнэгүйдэхгүй байх нь л хамгаас чухал байна. Тиймээс Засгийн газар тодорхой хугацаанд малын түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлсөн. Үр дүн нь ч гарч байна. Махны, арьс ширний, ноос ноолуурын экспорт нэмэгдэж байна. Баруун хилээр энэ төрлийн экспортыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллаж байна. Үр дүнд нь түүхий эдийн үнэ өснө. Мэдээж хэрэг энэ бол ойрын хугацааны арга хэмжээ. Алсдаа бол бид өөрсдөө түүхий эдээ боловсруулж байж л малын түүхий эдийн үнэ тогтвортой өндөр болж, хөдөөд ажлын байр бий болно. Нэмүү өртөг, ахиу ашиг монголдоо үлдэнэ.

-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы үеэр та замын даац хэтрэлттэй холбоотой асуудлыг хөндөж ярьсан. Энэ талаараа та тодруулахгүй юу?

-Бид өнгөрсөн хугацаанд 21 аймаг, 110 сумаа хатуу хучилттай замаар холбож чадсан. Энэ бол том амжилт. Харин тэр бүх зам үнэхээр чанартай сайн баригдсан уу гэвэл үгүй. Одоо бид шинэ зам тавихаас илүүтэй байгаа замаа яаж арчилж хамгаалах вэ гэдгээ бодох цаг болсон. Шинэ барих замынхаа норм стандартыг эргэж харж, зам хүлээж авч байгаа улсын комиссын хандлага, хариуцлагын асуудлыг ч давхар хөндөнө. Даац хэтрүүлсэн тээврээс болж зам эвдэрч байгаа нь үнэн шүү дээ. Урьд нь даац хэтрүүлж явж болоод л байсан юм гээд бонд гаргаж өр тавьж байж барьсан замуудаа яйран болгоод байвал хайран. Өнөөдөр нийтийн зориулалттай зам ашиглагчдын 90 хувь нь жижиг тэрэгтэй иргэд байгаа. Гэтэл даац хэтрэлтээс үүдэлтэй эвдэрсэн замаас болж хэчнээн хүн тэрэг техникээ эвдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг яагаад ярихгүй байгаа юм. Ингээд ярихаар замаа зузаан чанартай бариач ээ гэнэ. Мэдээж хэрэг улс орон эдийн засгийн бяр тэнхээтэй байсан бол 1 метр зузаан асфальттай зам барьж болно. Гэтэл бидэнд тэр боломж нь өнөөдөр байна уу. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гээд зөвхөн өнөөдрөө бодож , хувиа бодож дур дураараа туучаад байвал тавьсан замаа там болгож нийтээрээ хохирно. Ер нь Зам тээврийн салбарт бодлогын том өөрчлөлт хийх болсон гэдэгтэй санал нэг. Нэгдүгээрт замын чанараа сайжруулаач ээ гэсэн иргэдийн эрүүл шүүмжлэлийг хүлээж авна. Даац хэтэрсэн, стандарт нийцэхгүй хэт том оврын тээврийн хэрэгсэл оруулж ирдэг явдлыг таслан зогсооно. Манайхан том оврын тээврийн хэрэгсэл оруулж ирэхдээ нийтийн зориулалттай бус технологийн тусгай зам дээр тээвэр хийнэ гэж худлаа яриад оруулаад ирдэг. Харин оруулж ирсэн хойноо нийтийн зориулалттай замаар даац хэтрүүлэн давхиж замыг нь алдуулж байна шүү дээ. Тэгэхээр тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохдоо зөвхөн тусгай зориулалтын зам дээр явахыг нь зөвшөөрсөн технологийн дугаарыг нь л олгоно. Оруулж ирсэн хойноо тээврийн хэрэгслээ монголчилж өргөсгөсөн, уртгасгасан, элдэв гагнаас залгаас  хийдэг замбараагүй байдлыг таслан зогсооно. Манайд зам дээрээ баримтлаад байгаа стандарт бол ОХУ-д ч, БНХАУ-д ч бүр цаашлаад Европын холбоонд ч мөрдөж байгаа стандарт. Бид хаа ч байхгүй стандарт мөрдүүлэх гэж огтхон ч шаардаагүй. Нийтийн зориулалттай замд нийт жин 44 тн-оос ихгүй байна гэдгийг чинь монголчууд өөрсдөө бодоод олчихоогүй юм. Венийн конвенцид нэгдсэн бүх улс орнууд энэ стандартыг мөрдөөд явж байгаа. Энд дураараа явдаг шиг даац хэтрүүлээд хойд юмуу урд айл руу гарах гээд үзээрэй. Нэг кг ч хэтрүүлэхгүй торгож шийтгэнэ. Хойд хөршид гэхэд л даац хэтрүүлсэн тохиолдолд монгол төгрөгөөр 6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авдаг. Европын улс орнуудад даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг 1 метр ч явуулдаггүйг олон улсын тээвэр хийж байгаа манай тээвэрчид сайн мэдэж байгаа. Тэгэхээр хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг шиг монголд л ганцхан даац хэтрүүллээ гэж торгож шийтгээд, бага ачаа ачуулаад  байна гэж муйхарлаад байж таарахгүй л дээ. Даац хэтрүүлж зам эвддэг байдлаас болж эцсийн хохирогч нь иргэд болдог. Тэд амь нас, эрүүл мэндээрээ золиослогддог. Тэгэхээр хүний амиар хэмжигдэж буй асуудлыг шийдэх гэж байхад өөр элдэв шалтгаар өөрсдийгөө өмгөөлөөд байх нь угаасаа буруу. Нэг талаар бид замаа чанартай барих, засвар арчлалтыг цаг тухайд нь чанартай хийлгэх тал дээр шахаж шаардана, хариуцлагаа өндөржүүлнэ. Нөгөө талдаа даац хэтрэлттэй тууштай тэмцэнэ. Даац хэтрүүлсэн тээвэр нэг постоор нэвтэрч чадлаа гэхэд дараачийн постон дээр зогсоож хатуу арга хэмжээ авна. Даац хэтрүүлсэн тээврийг ар өврийн хаалга, авах идэхийн донгоор нэвтрүүлсэн бол тэр этгээдийг хариуцсан ажлаас нь зайлуулж хуулийн хариуцлага тооцуулна. Өмнө нь ингэж чадахгүй үлгэн салган, хэлбэрдэж явж ирсэнээс болж асуудал ингэтлээ ужгирсан юм билээ.    

-Даац хэтрэлтийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах ёстой юм бэ?

-Өнөөдрийг хүртэл нэг зүйл буруу явж ирсэн. Дааж хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн зөвхөн жолоочид л хариуцлага тооцдог. Гэтэл уг нь хуулинд даац хэтрүүлсэн тээвэр хийлгэсэн ачаа илгээгч болон ачаа хүлээн авагчид хариуцлага тооцох тухай тов тодорхой тусгасан байгаа. Манайд яаж ирсэн гэхээр нүүрс, шатахуун, цемент гээд даац хэтрүүлсэн тээвэрт ганцхан жолоочид л торгууль оногдуулаад байдаг. Торгочихоод явуулаад байдаг. Эцсийн үр дүн тэг. Зам эвдэрсээр л байдаг. Тэгвэл даац хэтрүүлж ачуулаад байгаа тэр уурхай, үйлдвэрийн эздэд яагаад хариуцлага тооцож болохгүй гэж. Ёстой нөгөө …Бишээ жинхэнэ цаад эзнийг нь ол… гэдэг шиг жинхэнэ цаад буруутай нөхөд нь тээвэрчдийн ард нуугдаж үлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр Авто тээврийн тухай хуулиар түүнийг дагалдаж орж ирэх Зөрчлийн тухай хуульд хариуцлагын асуудлыг улам чангатгахаас өөр арга алга. Тэгэхгүй бол даац хэтрүүлсэн жолоочид цаад компаний нөхөд торгуулийнх нь цөөхөн хэдэн төгрөгийг өгөөд явуулдаг муу аргад ч гаршсан байна. Дахин хэлэхэд бид замын чанарт онцгой анхаарна. Бас түүнийхээ хажуугаар даац хэтрүүлэлттэй даамай сайн тэмцэнэ. Өнөөдөр бид өмнийн говь руу шинэ төмөр замтай болчихоод түүнийгээ ашиглаж шатахуун болон бусад овор жин ихтэй ачаа тээврийг хийхгүй бол Дундговь-Өмнөговийн замыг жил бүр хэдэн тэрбумаар засаад засаад нэмэргүй. Төсвийн мөнгө хүнд даацын машины дугуйнд тээрэмдүүлж тоос болоод л дуусна. Мөн энэ чиглэлд хүнд даацын тусгай зориулалтын зам барих эрхийг хувийн хэвшилдээ олгох ёстой гэж бодож байгаа. Нийтийн зориулалттай замаар иргэд маань аюул осолгүй зорчиг. Харин тусгай зориулалтын замаар хүнд даацын тээвэр нь замын төлбөрөө төлөөд зорчдог байг. Энэ жил бид Дундговь-Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн эвдрэлтэй замуудад их засвар хийх төлөвлөгөө гаргасан. Нийтдээ 300 гаруй км авто замд ийм их засвар хийнэ. Өнгөрсөн жил ашиглалтад орсон Өвөрхангайн Хүйтний хөндийн 60 км зам шиг болгож засна гэсэн үг. Гэхдээ богино хугацаанд чанартай засвар хийлгэхэд онцгой анхаарна. Мөн энэ жил шинээр ашиглалтад орох 500 км замын чанарт хатуу хяналт тавина.    

-Засгийн газрын зүгээс энэ жилийг аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан танай салбар яамны хувьд бодлогын ямар ажлуудыг эхлүүлэх гэж байна вэ?

-Монголд зочлох жилд зам тээврийн салбар бэлэн үү гэвэл би бэлэн гэж хариулна. Монголд ирэх жуулчдыг хөл залгуулах унаа нь манай зам тээврийн салбар. Монгол гэдэг айлд орох үүд нь манай салбар. Өөдлөх айл үүднээсээ гэж манайхан ярьдаг. Өөрөөр хэлбэл зам тээврийн салбарын үйлчилгээний чанар хүртээмж ямар байхаас монголд ирэх гадныхны сэтгэл ханамж хамаарна. Жуулчдын дийлэнх нь мэдээж агаарын тээврээр ирнэ. Тийм болохоор бид энэ онд агаарын тээврээр 20,0 мян.тн ачаа тээж, 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ гэсэн зорилт тавьсан. Ирсэн жуулчид маань Чингис хаан нисэх буудалд буугаад, Улаанбаатарт байж байгаад буцахгүй нь мэдээж. Монголын үзэсгэлэнт байгалийг үзье, монгол орныг таньж мэдье гэвэл дахиад л тэдэнд агаарын тээврийн үйлчилгээ хэрэг болно. Тиймээс орон нутгийн нислэгийг сэргээж, 9 чиглэлд тогтмол нислэгтэй болохыг Засгийн газар зорьж байна. Дотоодын нислэгийн тарифыг 40%-иар хямдруулж, орон нутгийн иргэд нь илүү хямдаар нисдэг байх зохицуулалтыг төлөвлөж байна. Мөн агаарын унаа хөсгийнхөө тоог нэмэгдүүлнэ. Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын 6 онгоц оруулж ирнэ. Эхнийх нь 5 дугаар сард МИАТ компани өргөн биетэй агаарын хөлөг оруулж ирэх бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Ер нь манай агаарын тээврийн либералчлалын гол үзэл баримтлал бол АЯ ТУХТАЙ, АГААРЫН ТЭЭВЭР, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ. Үүнээс гадна төмөр замын зорчигч тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, ая тухыг сайжруулахад давхар анхаарч байна. Ямар ч байсан бид Монголд зочлох гийчдээ хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангахын төлөө хичээж байна. Харин аваад ирсэн зочид, хүрээд ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун байлгахад манай аялал жуулчлалын салбарынхан бас дор бүрнээ анхаараасай.

-Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд та автомашинуудын нүүрсэн яндагийн асуудалд ямар байр суурьтай байна вэ. Ер нь нүүрсэн янданг бүрэн хориглож болдоггүй юм уу. Энэ талын эрх зүйн орчин байна уу. Таныг энэ чиглэлд хууль санаачлан өргөн барих гэж байгаа гэж сонслоо…?

-Тоо баримтаас үзэхэд манай улсад 200 гаруй мянган Приус машин байна. Энэ машины нүүрсэн янданг хулгайлах, худалдаж авах, хилээр гаргах явдал гаарч байна. Учир шалтгааныг нь судлаад үзэхээр нүүрсэн яндан гэдэг маань шүүлтүүр сайтай, үнэт металаар хийгддэг юм билээ. Үүнтэй холбоотойгоор би бүр өнгөрсөн жил ЗТХ-ийн сайд болохоосоо өмнө Нүүрсэн яндангийн экспортыг хориглох УИХ-ын тогтоолын төсөл санаачилж саналаа Засгийн газарт уламжилж дэмжүүлсэн. Энэ тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч энэ 7 хоногт өргөн барих гэж байна. Өнгөрсөн хугацаанд 30 орчим тн нүүрсэн яндан хилээр гарсан байна. Энэ хэрээр шүүлтүүргүй яндантай тээврийн хэрэгсэл агаар орчныг бохирдуулж, хүн ардын, хүүхэд хөгшдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Нэг ёсондоо шүүлтүүргүй яндангаар хүний уушги руу хортой утаагаар шүршиж алгуурханаар алж байна шүү дээ.  

-Дарханы замын ажил хэзээнээс хийгдэх вэ. Одоо энэхүү ажлыг хийхэд тулгамдаж буй асуудал бий юу?

-Өнгөрсөн намар бид Дарханы замын 1 урсгал 2 эгнээ замын хөдөлгөөнийг нээсэн. Үндсэндээ 5 жил сунжирсан ажлын 50 хувь нь хийгдсэн гэсэн үг. Харин энэ ондоо багтаж үлдсэн 50 хувийг нь хийж бүрэн ашиглалтад оруулахаар хичээж байна. Ямар ч байсан өнгөрсөн жилийнх шиг цемент, битум тасалдлаа гэдэг асуудал үүсгэхгүйгээр бүх ажлыг төлөвлөлтийн дагуу график гарган цаг алдалгүй хийхийг зорьж байгаа. Дарханы замын ажил үндсэндээ эхэлсэн гэхэд болно. Буталсан чулуун сууриа бэлдэх, асфальт заводынхоо бэлэн байдлыг хангах, хүн хүч, техник хэрэгслийнхээ бэлэн байдлыг хангах ажлууд эхэлчихсэн. Саяхан би замчид болон замын компаний нөхдийг хүлээн авч уулзсан. Хэдүүлээ замын салбарын сэвтсэн нэр хүндийг хамтдаа сэргээе гэдэг дээр тохирсон. Бүх шийдлийг яамнаас, дээрээс гаргах биш замын норм стандартыг шинэчлэх, чанартай зам барих, замын компаниудаа төрөлжүүлж мэргэшүүлэх, хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх тал дээр та нар хэлэлцүүлэг хийгээд дундын шийдлээ гаргаад ир, сайдын хувьд бүх талаар дэмжиж хамтарч ажиллая гэдгээ хэлсэн. Тэд маань ч талархан хүлээж авсан. Энэ 7 хоногт надад шийдлээ танилцуулаад, замын салбартаа шинэ сэргэлт авчрахын төлөө хамтдаа зүтгэхээр болсонд баяртай байгаа. Уулзах, хурал хуй хийх нэг хэрэг. Харин түүнээс гарсан санал, зөвлөмж, санаачилгаа ажил хэрэг болгох, тодорхой үр дүн гаргах нь хамгийн гол нь шүү дээ.

-Зам засварын ажил удахгүй эхлэх гэж байна. Манай нийслэлчүүдийн хувьд зунжин амарч амарч ирчихээд намар бүгд цуглаж, хичээл, ажил эхлэхтэй зэрэгцээд зам засварын ажлуудыг хийгээд эхэлдэг. Энэ байдал энэ жил давтагдах уу. Үүнийг салбар яамны зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?

-Авто замын тухай хуулиар ЗТХЯ олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажил, зөвлөх үйлчилгээ, захиалагчийн болон техник, технологийн хяналтыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Харин аймаг нийслэлийн Засаг дарга нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Тэгэхээр нийслэлийн авто замын барилга, засвар арчлалтын асуудал Нийслэлийн чиг үүрэгт хамаарна. Яамны тухайд бодлогын дэмжлэг үзүүлэх, норм стандартаа мөрдүүлэх, хяналт тавих ажлаа хариуцдаг юм. Гэхдээ бид Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах чиглэлээр Туул гол дагуу болон Нисэх чиглэлд ямар том төсөл хэрэгжүүлэх вэ гэдэг судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан ажиллаж байна. Наранд нь алдаж саранд нь гэдэг шиг ид ачаалалтай үеэр иргэдээ бухимдуулаад зам засаж байна гээд  намар зэрэгцээд бужигнадаг асуудалд цэг тавих ёстой.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл зогсчихсон уу. Идэвхтэй явж байна уу. Сүүлийн үед яагаад таг чиг болчихов. Энэ төсөл хэзээ хэрэгжиж дуусах вэ. Тулгамдсан асуудлуудаа шийдэж чадсан болов уу?

-Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэглээний 72 хувийг ОХУ-аас, 2 хувийг БНХАУ-аас импортоор авч, үлдсэн 26 хувийг Дөргөний УЦС-аас хангадаг. Хэрэв Дөргөний УЦС байгаагүй бол өвөл болгон баруун аймгууд хөлдөх эрсдэл нүүрлэх байсан. Өнөөдөр жил бүр 23 тэрбум төгрөгийн татаасыг баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд төлж байна. Түүнээс ч их мөнгийг хойд урд хөршид импортын эрчим хүчний төлбөрт төлж байна. Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жилд 8 орчим хувиар өсөн нэмэгдсээр байгаа. Өөрөөр хэлбэл тэр хэрээр бид эрчим хүчний хувьд гаднаас улам хараат болж байна гэсэн үг. Энэ хүлээсийг тайлахад Эрдэнэбүрэнгийн УЦС чухал үүрэгтэй. Энэ жил Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдээд барилгын ажил нь эхэлснээс хойш 61 сарын хугацаанд баригдаж ашиглалтад орох гэрээтэй. Нөлөөллийн бүсэд орсон айл өрх, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох ажил  хийгдэж 150 гаруй өрх, 600 гаруй иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулаад үндсэндээ дуусч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих санхүүжилтийн зээлийн гэрээ батлагдаад байгаа. Нийтдээ 288 сая ам доллараар барина гэсэн тооцоо гарсан байна билээ. Гэхдээ энэ өртгөө 19.5 жилд бүрэн нөхнө. Өөрөөр хэлбэл цаг алдалгүй УЦС-аа барьж эрчим хүчний хараат байдлаас гарах нь хамгийн чухал. Тийм болохоор энэ төслийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө анхнаас нь тууштай зүтгэсэн хүний хувьд бодитой ажил болгоход анхаарна. Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Эрчим хүчний сэргэлтийн нэг том хөдөлгүүр нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж ашиглалтад оруулах явдал гэж үзэн бүх талаар дэмжиж байгаа. Тэгэхээр ажил саатахгүй урагшилна гэдэгт бүрэн найдаж байна.

-Илэн далангүй ярилцсан Танд баярлалаа.

 Э.МӨНХТҮВШИН

Өдрийн сонин 2023.03.27 Даваа гараг

Санал болгох мэдээ

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, …