“South by South West” кино наадамд Монгол кино оролцоно

“Three Flames Pictures” , “Team Hero” продакшны хамтарсан бүтээл, найруулагч Батсүхийн Баатарын “Aberrance” буюу “Этгээд” уран сайхны кино дэлхийд болон Америкт нэр хүндтэй “South by South West” кино наадмын “Midnighters” буюу “Шөнийн” хэсэгт шалгараад байна.

SWSX наадам нь жил бүрийн гуравдугаар сард АНУ-ын Техас мужийн Остин хотод болдог бөгөөд 35 дахь жилдээ зохиогдох гэж байна.

Тус наадам нь киноны хорхойтнууд болон хэвлэл мэдээлэл, кино бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг фестивалиудын нэг бөгөөд бизнесмен Элон Маск зэрэг алдар нэр хүндтэй эрхмүүд тус арга хэмжээнд оролцдог гэдгээрээ онцлогтой.

Өнгөрсөн жил энэхүү наадамд 7 Оскарын шагнал аваад буй Paramount Pictures-ийн Everything Everywhere All at Once нь нээлтээ хийсэн.

Энэ жил мөн Paramount Pictures-ийн Dungeons and Dragons нээлтээ хийж фестивалийг эхлүүлсэн байна.

Холливудын алдарт кинонуудтай эн зэрэгцэн энэхүү наадамд оролцож буй явдал нь “Этгээд” уран сайхны кино нь Монголын кино урлагийн түүхэнд өндөр хувь нэмэр оруулаад зогсохгүй, Монгол Улсыг дэлхийн хэмжээний чанартай кино бүтээж чадах боломжтой болохыг харуулж байна.

Энэхүү киноны гадаад харилцааг хариуцан ажиллаж буй “Three Flames Pictures” нь “Монголын кино урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, Монголд гадаадын кино уран бүтээлчид очиж кино хийдэг газар болгох” эрхэм зорилготойгоор 2017 онд байгуулагдсан.

Байгуулагдсан цагаасаа хойш “Three Flames Pictures” нь дэлхийн нэр бүхий хэд хэдэн наадамд түрүүлсэн МУГЖ, найруулагч Ганболдын Эрдэнэбилэгийн “Хийморь” киног дэлхий даяар сурталчилж, монголчуудыг ямархуу цараатай бүтээл туурвиж чаддагийг киноны бизнес эрхлэгчдэд амжилттай сурталчилж ирсэн.

Уг компани нь кино зохиолоос эхлээд борлуулалт хүртэл ажилладаг бөгөөд одоогоор Монгол киног дэлхийн зах зээлд борлуулахын тулд чанар, стандарт, гадаадын худалдан авагчдын хүсэл сонирхолд хэрхэн нийцүүлэх талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Дэлхийд монгол кино хүч түрэн орж ирж байгаад бүх уран бүтээлчдэдээ амжилт хүсье.


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …