УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлагатай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Я.Нишимүра, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-тай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 2017 оноос хойш 6 жилийн дараа хэрэгжих энэхүү албан ёсны айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болно 

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …