Х.Баттулга: Аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуураа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ хоёр дахь өдрөө  үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)

Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК

Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 39 гэрчийг сонсголд оролцуулахаар дууджээ.

Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-д олгосон зээлтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр оролцож, түр хорооны гишүүдийн асуултад хариулав.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Энэ одоо яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ. Би ерөөсөө ойлгодоггүй.

Монгол Улс газрын дээрх баялгаа боловсруулах ёстой гэж би ойлгодог.

 УИХ, Засгийн газрын тогтоолууд нь гарчихсан, энд оролцсон хүмүүс бүгд байна. Энэ бидний хувьд анхны юм. Бид мэдэхгүй. Гаднын мэддэг байгууллагыг хөлсөлж авна. Тэд мөнгөгүй бол хөдлөхгүй. Би энэ ажлаараа бахархдаг. Цаашдаа хийж дуусгана гэж бодож байгаа.

Нэлээд ажлууд хийсэн. Нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой.

Монголын Засгийн газар 34 хувийн хөрөнгө оруулахад энэ нь 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Үлдсэн 66 хувь дээр бид хувийн болон гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх ёстой.

 Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэл 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул, байгаль орчны шинжилгээ хийсэн. Энэ хөрөнгөө өнөөдөр Засгийн газар 2 тэрбум ам.доллароор үнэлж болно.

Одоо бид үүнийг татан буулгаж байхаар 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихлээ үүнийгээ 34 хувь гэж үнэлж байна.

66 хувьд нь гадна, дотно хөрөнгө оруулагчдыг дуудаж байна гээд зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно. Харамсалтай нь 2015 оноос  жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийнхан шалгалт хийсэн. Саяын ярьсан бүхнийг бүгдийг нь бүтэн жил шалгасан.

Баахан хүн аваачиж шоронд хийгээд. 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийх тийм амар ажил биш. 2 тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн байхад юун татан буулгах вэ. Би үүнийг Ч.Хүрэлбаатар толгойлж хийсэн гэж бодож байна.

Ерөөсөө Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуураа боловсруулах, газрын баялгаа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол энэ Ч.Хүрэлбаатар.

 Ер нь 5, 10 хүн л байдаг. Би “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” баригдах ёстой гэдэгт одоо хүртэл итгэлтэй байдаг.

Төмөр замын бодлого дээр гаднын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа бий. Хаана бид аж үйлдвэрийн цогцолбор барих вэ гэдгийг энэ судалгаан дээрээс гаргасан. Танайх төмөр замын огтлол буюу Зүүн Ази, Азийн зах зээл рүү гарсан Сайншанд дээр нэлээд том цогцолбор хийж болох юм байна. Үүнийг дагаад 200 жижиг үйлдвэр баригдах юм байна гэсэн. Түүнээс Х.Баттулга гэдэг хүн Сайншандын макет хийгээд яриад яваа юм биш Б.Энхбаяр аа. Энэ бол маш том судалгаа. Та нар үзээгүй байх.

УИХ, Засгийн газрын тогтоолууд гараад Хөгжлийн банкнаас мөнгө авсан, энэ ажлууд бүгд хийгдсэн. Гэтэл үүнийгээ татан буулгаад сууж байдаг. 2015 оноос хойш 2 жил бүх хөрөнгө оруулагчдыг АТГ, Эрүүгийн цагдаагийн газар шалгаад хөөгөөд явуулчихсан. Одоо яах уу. Б.Энхбаяр аа.

 Танай намын мөрийн хөтөлбөрт ч аж үйлдвэрийн парк, боловсруулах үйлдвэр барина гэчихсэн байна лээ шүү дээ” гэлээ.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилчид иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн …