ПАРИС-2024:Манай улсын тамирчид олимпын эрхээ хэрхэн авах вэ?

Манай зарим спортын төрлийн тамирчид Парисын олимпын эрхээ хэрхэн авах шалгуурыг танилцуулъя. Эрхийн төлөөх тэмцэл энэ оноос эхлэх бол 2024 оны хавар гэхэд багийн бүрэлдэхүүн үндсэндээ тодрох учиртай.

БОКС

Парисын олимпын боксын тэмцээнийг олон улсын холбоо нь бус, ОУОХ-ноос томилогдсон тусгай комисс зохион байгуулна. Олимпын эрхийг ямар тэмцээнээс хэрхэн олгох нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Ямартай ч ирэх ес, аравдугаар сарыг дамнан зохиогдох Азийн наадмаас манай тивийн боксчид олимпын анхны эрхээ авна. Тэр ч утгаасаа Азийн наадмын боксын тэмцээн урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй.

Улмаар 2024 он гараад олимпын эрх олгох хоёр цуврал тэмцээн зохиогдох товтой байна.

Манай боксчид 2016 онд зургаа, 2020 оны олимпод гурван тамирчинтай оролцож байв.

БУУДЛАГА

Нийт 340 мэргэн бууч (170 эрэгтэй, 170 эмэгтэй) Парисын олимпод онч сорино. Нийт оролцох тамирчны тоо Токиогийн олимптой харьцуулахад 20-иор багасчээ.

Буудагчдын хувьд эрхийн тэмцэл хэдийн эхэлсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард Египетэд болсон ДАШТ-ээс нийт 32 эрх эздэдээ очсон.

Эрх олгох дараагийн тэмцээн нь энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр Азербайжаны Бакуд болох ДАШТ. Тус тэмцээний олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт шалгарсан тамирчид эрхээ авах юм.

Мөн арваннэгдүгээр сард БНСУ-д болох Азийн АШТ-д эхний хоёр байрт орж гэмээнэ Парисын олимпын тийзээ өвөртөлнө. Улмаар 2024 оны Азийн АШТ манай буудагчдын хувьд эрхээ авах сүүлийн тэмцээн байх болно.

Буудлагынхан өмнөх Токиогийн олимпод дөрвөн тамирчинтай оролцож байв.

ЧӨЛӨӨТ БӨХ

Токиогийн олимпын нэгэн адил 288 бөх (192 эрэгтэй, 96 эмэгтэй) Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээнд зодоглоно. Олимпын эрхийг гурван үе шаттай олгох бөгөөд эхнийх нь ирэх есдүгээр сард Сербийн Белград хотноо болох ДАШТ.

Энэ тэмцээний олимпын жин бүрийн эхний таван бөх Парисыг зорих эрхтэй болно. Медаль хүртсэн дөрвөн бөх эрхээ шууд авах бол хүрлийн төлөө барилдаад ялагдсан хоёр бөх нэмэлт нэг эрхийн төлөө халз барилдах юм.

Дараагийн боломж нь олимпын эрх олгох тивүүдийн тэмцээн. 2024 он гаргаад зохиогдох тус тэмцээний жин бүрийн эхний хоёр байрын эзэд эрхээ өвөртлөх болно.

Улмаар эрхгүй хоцорсон бөхчүүд хамгийн сүүлийн боломж болох дэлхийн тэмцээнд эхний хоёр байр эзэлбэл эрхээ авах юм.

ЖҮДО

Эрэгтэй 186, эмэгтэй 186, нийт 372 жүдоч Парист өрсөлдөх нь Токиогийн олимпоос 16-гаас бага байна. Эрхийн шалгуур өмнөхтэй ижил буюу жин тус бүрийн чансааг үндэслэнэ.

2022 оны зургадугаар сарын 24-нд олимпын эрхийн онооны систем албан ёсоор бодогдож эхэлсэн бөгөөд 2024 оны зургадугаар сарын 23-нд хаагдах юм.

Улмаар жин тус бүрийн эхний 17 байрт бичигдэж буй бөхчүүд Парисын олимпын эрхээ авна.

Одоогоор Монголын 10 бөх олимпын эрхийн бүсэд багтаж байна. Өмнөх олимпод манай жүдочид 14 жингийн 12-т нь эрхээ авч байв.

ДУГУЙ

90 эрэгтэй, 90 эмэгтэй, нийт 180 тамирчин олимпын наадмын замын дугуйн тэмцээнд оролцоно. Эрх олгох гурван шат байгаа бөгөөд эхнийх нь тухайн улсын чансаа юм.

2023 оны аравдугаар сарын чансаагаар

1-5 байрт бичигдсэн орон 4 тамирчин 

6-10-т байвал тус бүр 3 тамирчин

11-20-д жагсвал тус бүр 2 тамирчин

21-45-д чансаатай орнууд 1 тамирчнаа олимпод оролцуулах эрхтэй болно.

Манай улс одоогоор дэлхийн чансааны 35-д бичигдэж байгаа бөгөөд энэ байраа оны эцэс хүртэл хадгалж чадвал 1996 оноос хойш анх удаа дугуйн спортоор олимпын эрх авах боломжтой.

БАДМИНТОН

Бадминтончдын Парисыг зорих тэмцэл 2023 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 2024 оны дөрөвдүгээр сарын 28-нд өндөрлөнө. Энэ хооронд зохиогдсон, Дэлхийн бадминтоны холбооноос баталсан тэмцээнүүдэд олимпын эрхийн оноо олгох бөгөөд ганцаарчилсан төрлийн эхний 38 байрт эрэмбэлэгдсэн тамирчид эрхээ шууд авах болно.

Үүн дээр нэмэгдээд дэлхийн чансааны 250 дотор багтдаг тамирчдаас таван тивийн төлөөлөл тус бүр хоёр хүн, нийт 10 тамирчин нэмэлтээр эрх авах боломжтой.

Парисын олимпын бадминтоны тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн үндсэн таван төрлөөр явагдах бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 86, нийт 172 тамирчин өрсөлдөх юм.

3Х3 САГСАН БӨМБӨГ

Олимпын наадмын хөтөлбөрт хоёр дахь удаагаа багтаж буй 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман шилдэг баг өрсөлдөнө.

Эрх авах анхны шалгуур нь дэлхийн чансаанд эзэлж буй байр. 2023 оны арваннэгдүгээр сарын чансааны эхний гурван байрт жагсаж буй багууд эрхээ авах учиртай.

Гэхдээ эхний гуравт жагслаа гээд эрхээ шууд авчихна гэсэн үг биш. Учир нь зохион байгуулагч орон эрэгтэй, эмэгтэй багийнхаа аль нэгийг шууд оруулах эрхтэй учир тухайн хүйсийн багаас нэг эрх хасагдана. Хэрэв зохион байгуулагч Францын эрэгтэй баг чансаагаар эрхээ авчихвал эрэгтэй багуудын эхний хоёр нь л тэдэнтэй нэгдэнэ гэсэн үг.

Харин үлдсэн 10 эрхийн төлөө багууд гурван удаагийн цуврал тэмцээнд хүч сорих юм.

Одоогоор манай эрэгтэй шигшээ дэлхийн чансааны 5-д, эмэгтэйчүүд 11-т бичигдэж байна.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Олимпод оролцох туйванчдын тоо жилээс жилд багассаар байна. Лондон, Риогийн олимпын хүндийг өргөлтийн тэмцээний нийт квот 260 байсан бол Токиод 196, Парист 120 болон буурчээ.

Тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд медальтнуудаа тодруулдаг байсан нь 5 болж мөн багассан юм.

Олимпын наадамд нэг улс аль нэг хүйсийн таван жингийн гуравт нь л тамирчнаа оролцуулах боломжтой. Эрхийн оноог тооцохдоо чансаа өндөр долоон тэмцээнд өргөсөн үзүүлэлтийг харгалзана.

Эдгээр тэмцээн нь 2022, 2023 оны ДАШТ, 2023, 2024 оны тивийн АШТ, 2023 онд зохиогдох хоёр гранпри болон 2024 оны Дэлхийн цомын тэмцээн юм. Эдгээр тэмцээнд өргөсөн үзүүлэлтээр нь эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт 10 эрх олгох болно.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.