Ольга Ракшаева: “Хөхөө” кино гүн гүнзгий философийн хандлагаараа бусад киноноос ялгарч байна

Найруулагч Жанчивдоржийн Жамъянсүрэнгийн бүтээл “Хөхөө” уран сайхны кино Москва хотын Киноны ордны Цагаан танхимд энэ сарын 18-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо.

“Хөхөө” кинонд эх үрсийн нандин холбоо, элбэрэл хайр, амьдрал-үхэл, өнгө мөнгө шүтсэн өнөө цагийн араншинг тод томруун, сэтгэл сэртхийж, зүрх шимшрэм дүрсэлсэн байх агаад Цагаан танхимд олноороо цугларсан монгол иргэд, оюутан залуус, Москва хотын үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бүтэн хоёр цагийн турш дэлгэцийн өмнө уяж чадлаа.

Киног Оросын кино уран бүтээлчдийн холбоо Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр анх удаа Оросын нийслэлд толилуулав.

Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Ганболд хэлсэн үгэндээ Монголын үе үеийн кино сонирхогчид Зөвлөлтийн “Амьдрал нулимсанд дургүй”, “Вокзалд учирсан хоёр”, “Служебный роман”, “Ийм нэгэн явдал буюу ууранд суусан паян” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг бараг цээжилчихсэн байдгийг дурдаж, кино бүтээх арвин туршлагатай Оросын киночдыг Монголын давтагдашгүй, үзэсгэлэнт нутагт шинэ кинонуудынхаа зургийг авч, манай Соёлын яамнаас амлаж буй зардлын хөнгөлөлтийг эдлэхийг уриаллаа.

“Хөхөө” киног оросын үзэгчид халуун алга ташилтаар талархан хүлээж авсан бөгөөд зарим үзэгчид сэтгэгдлээ хуваалцав.

ОХУ-ын Кино уран бүтээлчдийн холбооны гишүүн, Театрын уран бүтээлчдийн холбооны гишүүн жүжигчин, кино найруулагч Т.В.Фёдоров “Шуудхан хэлэхэд энэ кино “Киношок”-ийн тэргүүн шагналыг тохиолдлоор хүртээгүй нь тодорхой байна. Энэ бүтээл философлог, олон талаар сургамжтай юм. Зураглаачийн ажил сайн болжээ. Гол дүрийн жүжигчдийн ур чадвар өндөр түвшинд байна” хэмээн үнэлсэн бол Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд соёлын харилцааны асуудал хариуцаж байсан хатагтай Ольга Ракшаева “Нэг зүйл тов тодорхой. Монголын кино урлагт “Хөхөө” кино үзэгдэл, үйл явдал болж чаджээ. Энэ бүтээл гүн гүнзгий философийн хандлагаараа бусад киноноос ялгарч байна. Эрэгтэй болон эмэгтэй шилдэг дүрийн шагналууд эзнээ яг олжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Сонирхуулахад “Хөхөө” уран сайхны киноны уран бүтээлчид 2022 онд 31 дэх удаагийн “Киношок” олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн юм.

1.“Алтан усан үзмийн мод” наадмын гол шагнал – “Хөхөө” уран сайхны кино

2.Шилдэг найруулагч – найруулагч Жанчивдоржийн Жамъянсүрэн

3.Шилдэг эрэгтэй дүр –Соёлын тэргүүний ажилтан Цэгмидийн Цэрэнболд

4.Шилдэг эмэгтэй дүр –Гавьяат жүжигчин Тангадын Борхүү



Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …