Ч.Батсуурь: Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан.  Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй.

Тэгвэл дараагийн 30 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Шинээр ирсэн автобуснуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа.

-Энэ сард оруулж ирсэн эхний 30 автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Дараагийн ээлжийн автобус хэзээ үйлчилгээнд гарах вэ?

-Шинээр орж ирсэн автобусыг хүлээн авах, үйлчилгээнд гаргах бэлтгэл хангах ажлын комисс томилогдсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас эхний 30-ыг нь үйлчилгээнд гаргасан байгаа, дараагийн 30-ыг нь хүлээн аваад бэлтгэл ажлыг дэс дараатай хангаж байна. Шинэ автобуснуудад улсын бүртгэлийн дугаар авч, нийтийн тээврийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэдэг. Үүний дараа “Улаанбаатар Смарт карт” компанийн цахим төлбөрийн системийг суурилуулна.

-Бэлтгэл ажилд хэр хугацаа зарцуулж байна вэ?

-Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна. Дараагийн 30 автобусны тоноглол, суурилуулалтыг даруй дуусгаад, маргааш, нөгөөдрөөс буюу энэ долоо хоногтоо багтааж үйлчилгээнд гаргах юм. Төхөөрөмж угсрах, суурилуулах ажил дууссаны дараа улсын байцаагч хүлээн авч, дүгнэлтээ гаргана.

-Өнгөрсөн онд оруулж ирсэн 60 автобуснаас шинэ автобуснууд юугаараа ялгаатай байна вэ. Үзүүлэлт нь ямар вэ?

-2022 онд орж ирсэн 60 автобусыг мөн энэ компани нийлүүлсэн. Шинэ автобусны хувьд техникийн үзүүлэлтүүд, хүчин чадал нь сайжирсан. Тухайлбал, өмнөх автобусны моторын багтаамж 6400 cc байсан бол шинийнх нь 8400 сс болсон. Мөн жолоочийн суудал хий нумтай, арьсан бүрээстэй болсон тул илүү тухтай.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ автобусны хяналтын систем илүү сайжирсан нь зорчигчдын аюулгүй байдал талаасаа маш чухал. Тухайлбал, хяналтын камерын тоо болон багтаамж нэмэгдсэн, мөн онлайнаар холбогдох, хянах боломжийг бүрдүүлсэн.

-Автобусны багтаамж нь хэр вэ. Хэдэн суудалтай вэ?

-Зорчигчийн 29, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нэг буюу нийтдээ 30 хүний суудалтай. Босоо зорчигчдыг нэмээд нийт 70 хүний багтаамжтай. Бид энэ удаад суудлын бүрээс, тоноглолын материалыг илүү сайжруулж захиалсан тул эдэлгээ удаан. Өмнө нь оруулж ирсэн автобуснууд нэг шаттай байсан. Харин энэ бол шууд нам шаттай, тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, энгийн зорчигчид ч бууж, суухад хялбар. Мэдээж цонх цантахгүй, агааржуулалттай гээд тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн.

-Автобус эвдэрсэн тохиолдолд хэрхэх вэ. Сэлбэг хэрэгслийн олдоц хэр бол?

-Гэрээний дагуу үйлдвэрээс хоёр жил, 150 мянган км-ийн баталгааг өгч байгаа. Түүнчлэн хурдан элэгддэг сэлбэг хэрэгслийн хувьд тодорхой хугацааны баталгааг ч гаргасан. Ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн тохиолдолд сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс захиалаад нийлүүлэх нөхцөлийг гэрээндээ тусгасан.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.