Т.Доржханд:Иргэдийн хүлээлт өндөр байгаа тул одоо бидэнд нууж хаах боломж байхгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргасан.

Энэ хүрээнд нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр анхны хуралдаанаа хийлээ.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд хуралдаанаас гарсан шийдвэр болоод нийгэм, цаг үеийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  


Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудлыг Засгийн газар дангаараа дийлэхгүй юм байна. Тиймээс бид парламентын дэмжлэгтэйгээр иргэд, улс төрийн намууд энэ асуудлын талаар нээлттэй хэлэлцэж, нийгэмд зөвөөр ойлгуулах хэрэгтэй гэж үзсэн. Улмаар нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гээд есөн гишүүн гарын үсэг зурсан. Нэлээн шахалт үзүүлсэн. Ингээд УИХ-ын дарга захирамжаа гаргасан. УИХ-ын дарга захирамж гаргачихсан учир түүнийх нь дагуу хуралдаж байна.

Гол асуудал нь нууцад байгаа оффтейк гэрээнүүдэд нуугдаж байна. Эдгээрийг Засгийн газраас 11 дүгээр сардаа багтааж нийтэд ил болгоно гэсэн ч одоог хүртэл байхгүй байна. Тиймээс нууцаас гаргах асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй.

Нүүрсний хулгайн асуудлыг иргэдийн өмнө ил тод ярьцгаая. Сүүлийн хоёр хоногийн жагсаалыг харлаа. Залуус нүүрсний хулгай, авлига, хээл хахуулийг эсэргүүцэж байна. Одоо л цэг тавья гэж байна. Иргэдийн маш өндөр хүлээлт байгаа тул одоо бидэнд нууж хаах боломж байхгүй. Тиймээс асуудлыг УИХ дээр ил ярья.

Өнөөдөр бид УИХ дээр нээлттэй сонсгол явуулж, бүх холбогдогчдыг нь дуудаж авчраад ямар ямар хулгай хийснийг нь ялгаж, ангилах хэрэгтэй. Алим, жүрж хоёрыг нийлүүлж болохгүй шиг нүүрсний хулгай гэсэн нэг том ангилалд бүгдийг нь чихэж болохгүй.

Уучлаарай. Бүгдэнд нь хариуцлага тооцох ёстой. Дахиж хулгай гаргахгүйн тулд бүгдийг нь хаах ёстой. Ингэхийн тулд асуудлыг УИХ дээр нээлттэй ярилцаад хууль хяналтын байгууллага, Засгийн газар, Ерөнхийлөгчийг шахах ёстой.  

Ажлын хэсгүүд 12 дугаар сарын 21-нд нээлттэй сонсголыг зохион байгуулахаар ярилцаж байна.

Хамгийн чухал нь юу вэ гэвэл энэ бол Монголын түүхэнд байгаагүй маш том хулгай. Дээрээс нь маш олон эрх мэдэлтнүүд холбогдсон болохоор их сунжирсан тэмцэл явагдах байх. Бүгдээрээ нийлж тэмцэх ёстой. Тэмцэл дөнгөж эхэлж байна.

Надад ирсэн мэдээллээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдогчид нь би илчлэгдвэл бүгдээрээ унах учир мөддөө олон нийтэд зарлаж чадахгүй ээ гээд явж байна гэсэн. Уучлаарай. Тийм зүйл байхгүй” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …