С.Сэргэлэн: Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулга миний бахархал

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын 90 жилийн ой энэ сарын 12-ны өдөр тохионо. Ойг тохиолдуулан Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Хөгжмийн албаны удирдаач МУСТА, Ахмад С.Сэргэлэнтэй ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн удахгүй болох Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Өглөө.мн сайтыг шимтэн уншдаг уншигчидад энэ өдрийн мэндийг хүргэе.

Ярилцлагаа таны багын мөрөөдлөөс эхлүүлье гэж бодож байна. Та багын мөрөөдөл урлагийн хүн болох байсан уу?
-Би тавдугаар ангид орсон жилдээ үлээвэр хөгжмийн дугуйланд хүүхэд бүртгэж авна гэсэн зурагт самбарыг хараад шууд л бүртгүүлнэ гээд дуу хөгжмийн багш дээрээ гүйж очсоноо одоог хүртэл тодхон санаж байна. Тэр өдрөөс эхлээд л урлагийн, хөгжмийн хүн болохыг мөрөөдөж эхэлсэн дээ. /инээв/
-Таныг урлагийн замд хөтөлсөн эрдэмтэн багшийнхаа тухай уншигчиддаа сонирхуулахгүй юу?
-Хөгжмийн анхны “А” үсгийг заасан ачит багш маань МУСТА Ж.Төмөрбаатар гээд буурай багш бий. Анх Багшийн их сургуулийг дүүргээд Зэвсэгт хүчний 065 дугаар ангид салааны дарга – удирдаач хийж байсан хүн л дээ. Багшийг маань “Гүйдэг хар” гэлцдэг байсан. Яагаад тэгж нэрлэсэн юм бол гэж асуусан чинь цэрэгт марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд эхний байруудад удаа дараа шалгарсан байсан учраас тийм хочтой болсон юм билээ. Мөн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд байгаа өндөр станцийн орой дээр нь гараад суучихсан байдаг гэлцдэг. Тийм л энгүй авьяастнаар хөгжим хэмээх их ертөнцөд хөтлүүлж өнөөг хүртэл суралцаж байна даа.


-Чуулгатайгаа анх холбогдсон тухайгаа дурсвал, ажлын эхний өдрийн мэдрэмж ямар байсан бэ?
-Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга хэмээх өөдөө үйлстэй, өрнүүн түүхтэй их айлд ажиллана гэдэг миний мөрөөдөл байсан. Анх төгсөх курст байхад ЦДБЭЧ-ын Эстрад симфони найрал хөгжмийн албаны дарга- Ерөнхий удирдаач МУСТА ахмад Б.Энхбаяр удирдаач намайг өрөөндөө дуудаж уулзсан. За манай чуулгад орж ажиллах уу? гээд л асуусан би ч айдастайхан “Миний мөрөөдөл” гэж хэлсэн бид 2 маш олон зүйлийн тухай ярилцсан. Тэр өдрөөс хойш чуулгатайгаа холбогдон мөрөөдөлөө биелүүлж явна даа.

-Хөгжимчдийнхөө ойдоо зориулсан өрнүүн ажлуудын талаар хуваалцахгүй юу?

-ЦДБЭЧ-ын Эстрад симфони найрал хөгжим маань 1997 онд байгуулагдсан. Тэр үед УГЗ Б.Нямдорж удирдаач холимог найрал хөгжмийг одоогийн Эстрад симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн болгох үндэс суурийг анхлан тавьсан. Одоо 25 жилийн ойтойгоо золгож байна. Бид бүхэн ойдоо зориулаад залуучууд ямар төрөл жанрын дуу хөгжим сонсож байна, тэр урсгал руу чиглэж уран бүтээлүүдээ туурвисан байгаа.
Ой хийнэ гэдэг маш том ажил нөгөө талаасаа бас маш том хариуцлага юм билээ.
25 жилийн ойгоо хийхдээ маш том туршлагыг өөртөө хуримтлуулсан. Мөн энэ оны 5 дугаар сард утсан хөгжмийн цөөхүүл хөгжимчдийн “Сонгодог эгшиглэн” тоглолтыг чуулгынхаа 90 жилийн ой, Эстрад симфони найрал хөгжмийнхөө 25 жилийн ойд зориулан амжилттай зохион байгуулсан.

Удирдаач хүнийхээ хувьд өөрийгөө цаг ямагт сорьж, хөгжүүлэх шаардлагатай байдаг шүү дээ. Өөрийгөө сорьж урам авсан уралдаан тэмцээнийхээ тухай бидэнтэй хуваалцахгүй юу?

-Тэгэлгүй яахав. Саяхан МУУГЗ, профессор Намсрайжавын Бүтэнбаяр агсны 70 насны ойн хүрээнд зохион байгуулагдсан “Н.Бүтэнбаярын нэрэмжит Хөгжмийн Залуу Удирдаачдын Улсын Анхдугаар Уралдаан”-д олон залуу удирдаач нартай мэргэжлийн түвшинд өрсөлдөж их зүйлийг сурж мэдэж авсан. Мөн Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойг угтан Монголын хөгжмийн зохиолчдын дунд зохион байгуулсан “Монгол-Эх орон” найрал дууны болон гоцлол дууны улсын уралдаанд амжилттай оролцож “Шагналт байр”-нд шалгарсан.


-Дууны уран бүтээл туурвиж эхэлсэн гэж байсан. Одоогоор хичнээн дууг сонсогчдынхоо сонорт хүргээд байна вэ?
-Би яг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөөгүй учир нээх айхтар зохиогоод байх нь юу юм. Гэхдээ, Урлаг судлаач Э.Цэрэнням гээд ухаалаг, даруухан, яруу найрагч найзтайгаа хамтраад хоёр дууны уран бүтээл туурвин сонсогчдодоо хүргээд байгаа. Мөн дууныхаа аяыг таниар л хийлгүүлмээр байна гэсэн хүндэтгэл, хүсэлтийн дагуу хэд хэдэн дууны аялгууг зохиож хүлээлгэн өгөөд байна.

Та ЦДБЭЧ-аас Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй алба хаагчдын нэг шүү дээ. Энхийг сахиулагч Монгол цэрэг байх бахархлынхаа тухай бидэнтэй хуваалцахгүй юу?
-Би уг нь Францын Легионы армид алба хаая гэсэн нууцхан бодолтой байсан хүн л дээ. Мэдээж энэ боломжгүй учир Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэе гэсэн бодол орж ирсэн. Миний хүсэл сонирхолыг хамт олон маань ч эерэгээр хүлээж авсан. Бүтэн нэг жилийн хугацаанд ар гэрээсээ хол үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа Африкийн халуун оронд 50 градус хүртэл хална шүү дээ. Мөн нутгийн иргэдийг нь хараад Монголчууд бид яасан сайхан эрх чөлөөтэй яасан сайхан өргөн уудам тал нутагтай юм бэ гэсэн бодол их төрж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа НҮБ-ын Нарийн бичгийн даргын бидэнд хандаж хэлсэн үгэнд: “Би ажиллагааны газар оронд байхдаа зөвхөн Монгол цэргүүдээр хамгаалуулах хүсэлтэй байгаагаа дурьдаж байсан. Яагаад вэ гэхээр Монгол цэргүүд Чингис хааны үр удам тэдэнд ясны дайчин уламжлал хадгалагдаж ирсэн учраас тэд үүргээ эрхэм болгож, нэр төртэй биелүүлдэг…” гэж хэлэхэд нь би Монголоороо бас Монгол цэргүүдээрээ бахархаж байсан юм. Мөн үүрэг гүйцэтгэх хугацаанд Батаа гэдэг нэртэй Өмнөд судан хүүтэй найзалсан. Тэр хүү та нар битгий бид нарыг орхиж яваарай та нар явчихвал хэн биднийг хамгаалах юм гэхэд нь сэтгэл жаахан хөндүүртэй бодлогоширч үлдсэн шүү. Монгол цэрэг-Дэлхийн цэрэг хэмээх эрхэм алдрыг өргөж чуулгынхаа энхийг сахиулагч офицер болсон доо баярлаж, бахараж байдаг аа.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга энэ сарын 12-нд 90 жилийнхээ түүхт ойтой золгож байгаа юм байна. Ойн хүрээнд хийж буй ажлуудаасаа сонирхуулахгүй юу?
-Дайнд оролцсон дайчин чуулгын маань 90 жилийн ой тохиож байна. Чуулгын маань хамт олон түүхт ойгоо угтан энэ онд олон уран бүтээлчдийн бие даасан тайлан тоглолт, ахмад уран бүтээлчдийн хамтарсан “Чуулгадаа өргөх их хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулж, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн ард иргэд, цэрэг дайчиддаа зориулсан олон арван тоглолтуудыг зохион байгууллаа. Түүнчлэн ойдоо зориулаад миний бие олон ажлуудыг хийж байгаа тэднээс дурдвал хоёр дууны бүтээлийн хөгжмийн найруулга болон хөрвүүлэг, Бүжгийн албаны дарга-Ерөнхий бүжиг дэглээч МУСТА Ш.Дамдинбазар багштайгаа хамтран нэг бүжгийн хөгжмийн уран бүтээл дээр ажиллаж байна. Удахгүй та бүхэндээ хүргэх болно.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсьe.
-Та бүхэнд баярлалаа. Бидний ойн баярын хүндэтгэлийн тоглолтыг түмэн олон маань таалан соёрхоорой хэмээн урья! Та бүхний ажилд маш том амжилтыг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.