“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын товыг батлав

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Сенегалын нийслэл Дакар хотноо зохиогдох залуучуудын зуны олимпын наадмыг 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд явуулахаар тогтлоо.

 Тамирчин сурагчдын хичээлийн хөтөлбөр, цаг агаарын нөхцөл байдал болон олон улсын бусад уралдаан тэмцээний хуваарийг харгалзан үзсэний үндсэн дээр дээрх товыг тогтоосон болохыг ОУОХ тайлбарлав.

2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд Дакар хотноо болох Африкийн залуучуудын өдрийн арга хэмжээтэй олимпын наадмыг давхцуулснаар илүү өргөн хүрээг хамрах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид тооцоолжээ.

Наадмын хөтөлбөрт спортын ямар төрлүүд орохыг ирэх оны эхний хагаст эцэслэн батлахаар болсон байна.

Залуучуудын зуны IV олимп уг нь энэ оны аравдугаар сард зохиогдох байсан. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас дөрвөн жилээр хойшлуулж, 2026 онд зохион байгуулахаар шийдсэн юм.

Өмнөх гурван наадам 2010 онд Сингапурт, 2014 онд Нанжинд, 2018 онд Буэнос Айрест явагдсан бөгөөд манай тамирчид залуучуудын зуны олимпоос 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байв.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …