Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч таатай, тохитой орчинд амьдрах эрхтэй

Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй, таатай, тохитой орчинд амьдрах эрхтэй. Энэ бол бидний үндсэн хуулиар хамгаалагдсан язгуур эрх боловч хүн бүрт эрх тэгш үйлчилж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээнд энэхүү асуудал бүр ч чухлаар яригдах нь ойлгомжтой  билээ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалаар батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-аар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түрээсийн квотыг хотод болон орон нутагт таван хувь байхаар заасан. Улмаар 2020 он хүртэлх хугацаанд нийтдээ 2484 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлсний 129-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдсан юм. Энэ нь нийт түрээслэгчдийн 5.2 хувийг л эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлд төрөөс тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа.  Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар ч энэ тал дээр анхаарал хандуулж, идэвх, санаачлага гаргаж байгаа нь туйлын сайшаалтай..

Төрөөс дэд бүтцийг нь шийдэж барьсан “Буянт-Ухаа 2” хороололд л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй 50 гэр бүл амьдарч байгаа аж.. Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа таван хувийн квотыг хангаж буй сайн жишээ юм.

Мөн цаашид ашиглалтад орох шинэ орон сууцнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах ажил идэвхтэй өрнөж байна. Тэдгээр орон сууцнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох таван хувийн квотыг 10 хувь болгон нэмэгдүүлэх асуудал ч БХБЯ-н дээр яригдаад амжсан.

Түүнчлэн өмчлөлийн болон эзэмшлийн хашааны газартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн сууц барьж, ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдах нөхцлийг ч бүрдүүлэх бүрэн боломжтой гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байгаа юм

Энэ бол маш сайн мэдээ.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр үүний цаана орон сууцанд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй олон зуун иргэний өргөдөл шийдэгдэхгүй хэвээр байна.  

Зарим тохиолдолд хувийн хэвшлийнхэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг гадуурхаж, олон төрлийн нэмэлт бичиг баримт бүрдүүлэхийг “зарлигддаг” байна. Бүр хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ албан ёсны баримт бичгээр батал гэх “муйхар” шаардлагыг ч тавьдаг аж. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж буй байж болшгүй үзэгдэл юм.  

Тиймээс энэ мэт асуудлуудыг төрийн зүгээс олж харах шаардлага байсаар байна.

Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань аятай тухтай амьдрах боломж нэмэгдвэл, олон олон хүний сэтгэлд итгэл, зорилгын гал бадамлах юм.

Д.Сүрэн

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …