Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2022.11.29) хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Засгийн газраас 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Монголд зочлох жилийн бэлтгэлийг хангах, аялал жуулчлалын салбар дахь эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлаас  2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэн найруулгыг боловсруулах шаардлага бий болсон. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 27-д Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулахаар заасан гэдгийг Х.Нямбаатар сайд танилцууллаа.

   Төсөлд аялал жуулчлалыг эдийн засгийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд зориулан салбарын оролцогчдын эрх зүйн байдлыг сайжруулах зохицуулалтыг тусгажээ.

 Мөн аялал жуулчлалын салбарыг бие даасан санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр дэмжих зорилгоор “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан” бий болгох, уг сангийн удирдлагад хувийн хэвшлийн оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Аялал жуулчлалын байгууллагын тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилан экспортын үйлдвэрлэлд тооцох, татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.  Аялал жуулчлалын худалдан авсан бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувь буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн Засгийн газар үзсэн байна. Аялал жуулчлалын стратегийн ач холбогдол бүхий бүсийг зарлан бүсийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын ойлголтыг нэвтрүүлж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой тусгай зориулалтын зарим төрлийн ан агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар нээлттэй олгох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хил орчмын аялал жуулчлалыг олон улстай улсын тусгай зөвшөөрөлтэй тур оператор компаниар гүйцэтгүүлэх тусгай нөхцөлийг тодорхойлсон гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдсан юм. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын найруулгаар үндэсний онцлог бүхий үндэсний соёл, байгаль, түүх, соёлын өвийг мэргэжлийн үүрэг, мэргэжлийн холбоод, тухайн орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан аялал жуулчлалын холбоо аялал жуулчлалын үйлдвэрлэл болон болгон хөгжүүлснээр 2024 онд сая жуулчин хүлээн авч, дотоодын зах зээлд 2 тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтийг бий болгоно гэж үзэж байгааг дурдав.

 Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд Аялал жуулчлалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 13 хуульд өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулсан гэдгийг мөн дурдав.

  Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Х.Булгантуяа нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан.

Аялал жуулчлалын салбарын идэвхжүүлэхэд визний нөхцөлийг хөнгөвлчөх, мөн хямд, хүртээмжтэй зорчигч тээвэр чухал бөгөөд салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Европын ихэнх орны иргэд Монгол Улсад богино хугацаанд, аялал жуулчлалын зорилгоор визгүй, бусад улс орны иргэд 48 цагийн дотор цахим виз авах боломжтой болгохоор холбогдох бүх тал хамтран ажиллаж байгаа талаар Х.Нямбаатар сайд хариулт өгсөн.

Монгол Улс руу аялах сонирхолтой гадаад улс орнуудын иргэдийн 70 хувь нь виз авч чаддаггүй, харин виз авсан жуулчдын 70 хувь нь нислэгийн тийз авч чаддаггүйгээсээ болж ирж чаддаггүй гэх судалгааны дүнтэй танилцаж байснаа Х.Булгантуяа гишүүн дурдаад визний нөхцөлийг хөнгөвчилж, аялал жуулчлалын зорилгоор визгүй болгож байгаа нь тун оновчтой шийдэл хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.

Нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг хямдруулахын тулд Монгол Улс руу ирэх нислэгийн тийз бүрд татаас олгох, энэ татаасыг Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх зохицуулалтыг тусгаад байгаа гэлээ.

 Түүнчлэн 2023-2025 оны хооронд Монгол Улс руу ирэх нислэгийн тоо, давтамжийг хязгаарлахгүй байх, үүний үр дүнд өрсөлдөөн бий болж үнэ буурах нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсон аж. Үүнтэй зэрэгцүүлэн дотоодын нислэгүүдийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэр төдийгүй бусад зорчигч тээврийн салбарт татаас олгох саналыг гишүүд хэлж байсан.

   Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар гишүүд тодруулсан. Тус санг казиногийн онцгой албан татварын 5 хувь, морин бооцоот уралдааны орлогын албан татварын 5 хувь, Иргэний нисэхийн тухай хуульд заасан агаарын навигацийн үйлчилгээний орлогын 20 хувь, Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрлийн хураамжийн орлогуудаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Тус сангийн хөрөнгөөр агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх; Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах; аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төсөлд тусгаад байгаа аж.

   Монгол Улсын аялал жуулчлалын салбарын гол бүтээгдэхүүний талаар, түүнчлэн нэр, төрлийг нэмэгдүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төсөлд ямар зохицуулалт тусгасныг гишүүд лавлаж байв. Манай улсад ирдэг нийт жуулчдын 24 хувь нь нүүдэлчин ахуй, соёлыг үзэх гэж ирдэг гэсэн бол 34 хувь нь байгальд аялах, 12 хувь нь адал явдалтай аялал хийх, 10 хувь нь Монголын түүхийг сонирхож, 11 хувь нь ан гөрөө хийх гэж, үлдсэн нь бусад шалтгаанаар ирдэг гэх судалгаа байдаг гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулсан. Үүн дээр аялал жуулчлалын салбарын эргэлтийг тав дахин нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төр бодлогын дэмжлэг үзүүлж, салбарын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт дээрээ анхаарал хандуулан ажиллах боломж бүрдэнэ гэж тооцсон байна. Тодруулбал, Засгийн газрын зүгээс жилийн хугацаанд нийт 12 арга хэмжээний зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх, 84 арга хэмжээг олон улсад сурталчилж ажиллахаар төлөвлөөд байгаа гэв.

Төсөл дэх “Монгол Улсын нутаг дэвсгэрт аялж байгаа жуулчинд шаардагдах аюулгүй байдлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хангах …” гэсэн заалтыг С.Чинзориг гишүүн шүүмжилж байлаа. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд тухайн орон нутгийнхаа цагдаа, хамгаалалтын байгууллагуудтай хамтран, гэрээ байгуулж ажиллах үүрэг хүлээх зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн талаар Х.Нямбаатар сайд тайлбарласан.

Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг бий болгох нь нэн чухал гэдгийг гишүүд хэлж байв. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ төсөлд аялал жуулчлалын байгууллага, отоглох цэг, авто замын дагуух түр амрах газар өөрийн ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангахуйц болгож засварласны болон стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж шинээр байгуулсан зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож болох зохицуулалтыг тусгасан гэв. Энэ нь салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалт, сайжруулалтад идэвхжүүлэлт болно хэмээн үзэж байгаа юм байна.

Төслийн хамт гадаад улсаас Монгол Улсад нэг хоногоос 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялж байгаа гадаадын иргэний хувийн хэрэгцээнд зориулж гаалийн нутаг дэвсгэрээс худалдан авсан бараанд төлсөн албан татварыг 100 хувь буцаан олгох зохицуулалт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлснийг оновчтой хэмээн гишүүд онцолж байсан. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын эргэлтийг идэвхжүүлж, нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаатайгаа зэрэгцүүлэн хог хаягдлын менежментийг онцгойлон боловсруулахын чухлыг Ч.Ундрам гишүүн сануулж байсан.

Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 7 нь 63.6 хувийн саналаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …