Г.Занданшатар: “Намайг алгас” гээд байхад архиар шахвал хуулийн хариуцлага хүлээнэ

Улсын Их Хурал өнгөрсөн хаврын ээлжит чуулганаараа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ.

Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.11.29/ мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын дарга мэдээллийнхээ эхэнд, Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд өндөр түвшинд орж буй улсуудын нэг. Архины хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчин эмгэг, зуурдаар нас баралтыг ихэсгэж байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн дундаж түвшнээс хоёр дахин их байгаа зэрэг нь хуулийг шинэчлэн найруулж батлах гол шалтгаан болсныг онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:Архиар шахсанаас болж тухайн хүн гэмт хэрэгт холбогдох, өөр бусад асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Шахсан хүн хариуцлага хүлээнэ гээд уусан хүн нь хариуцлагаас мултарна гэсэн үг биш. Хамтдаа хариуцлагаа хүлээнэ.

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортоос эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатанд хяналт тавих мэдээллийн сантай болсон. Ингэснээр баталгаатай бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очно. Бүх гарал үүсэл, хэн хаана ямар хэмжээгээр үйлдвэрлэсэн бэ, татвараа төлсөн үү, хэн худалдан борлуулсан бэ гэдэг нэгдсэн мэдээллийн сантай болж байна.

Үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгоно. Худалдаа үйлчилгээний тусгай зөвшөөрлийг таван жилээр, үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. 

Бар, цэнгээний газрууд архитай хамт заавал усаар үйлчлэхээр хуульчилсан.

Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага, бар, цэнгээний газар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй усаар байнга үйлчилнэ. 

Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага танхимтай байж, халуун хүйтэн зуушаар үйлчилдэг байх ёстой. Дангаар архи уух нь эрүүл мэндэд хортой.
Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй байх эрхтэй. Хэтрүүлэн хэрэглэсэн хүнд нэмж үйлчилж, тэр хүнд эрсдэл үүсвэл байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална.

Согтууруулах ундаагаар үйлчлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн цагийн хязгаар хоёр төрөлтэй байна. Нэг нь, 11.00-22.00 цаг хүртэл, нөгөө нь 14.00-04.00 цаг хүртэл. 

Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага дуудлагын жолооч, таксины мэдээллийг байршуулах үүрэгтэй.

18 хувиас дээш хатуулагтай архийг 0.33 литрээс хэтрүүлэхгүйгээр савлан худалдаална. Архи экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, зочид буудлын хэрэгцээний тусгай захиалгын бараанд үйлчлэхгүй.

Төрийн байгууллага Төрийн ёслол хүндэтгэлийн гадаад арга хэмжээ зохион байгуулахаас бусад тохиолдолд архи, согтууруулах ундаа худалдаж авахыг хориглоно.


Санал болгох мэдээ

З.Батбаяр:Монгол Улсын иргэн бүр усаа хайрлаж, хэмнэж хэрэглэхийг уриалж байна

Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын …