“Хөгжлийн бэрхшээл” гэх тодорхойлолт хэн нэгнийг бусдаас ялгаатай харагдуулдаг үе нэгэнт өнгөрсөн

Дэлхий дээрх 800 амьд төрөлтийн нэг нь дауны синдромтой байдаг бол манай оронд энэ үзүүлэлт хоёр дахин өндөр байна. Одоогоор Монголын дауны холбоонд 400 орчим гэр бүл бүртгэлтэй байдаг.  

Тиймээс эдгээр хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг илүү бататгаж, цаашид өөртөө итгэлтэйгээр амьдрах бололцоог бүрдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай.

“Хөгжлийн бэрхшээл” гэх тодорхойлолт хэн нэгнийг бусдаас ялгаатай харагдуулдаг үе нэгэнт өнгөрсөн. Өнөөдөр бид хүн бүр нэгнээ эрх тэгш хайрлаж, хүндэлдэг эрүүл нийгмийг цогцлоохын төлөө амьдарч байна.

Мөн дан ганц нийгмийн хэвшмэл ойлголтыг засах бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь сэтгэлд гэрэл, итгэл найдвар түгээх явдал ч чухал юм.

Холбогдох яам, ТББ, хувийн хэвшлүүд энэ тал дээр идэвхтэй хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр тусмаа дауны синдромтой иргэд, хүүхэд, залуусыг дэмжих олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.

Өнгөрсөн 10 дугаар сард гэхэд л Монголын дауны холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран дауны синдромтой 20 орчим хүүхдийг “Мөнххада” компаниар аялуулж, машины бүтэц, засвар үйлчилгээний ажилтай танилцуулсан байна.

Аяллын үеэр хүүхдүүд автомашины гэрэл өнгөлгөөг өөрийн гараар хийж, ирээдүйд унахыг хүсдэг автомашин болон хайртай хүмүүсийнхээ талаар ил захидал бичжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглэсэн төдийгүй, цаашид өөрийгөө өвчтэй гэж гололгүйгээр автомашин худалдаа, засвар үйлчилгээний салбарт ажиллах бүрэн боломжтой гэдгийг харуулснаараа чухал ач холбогдолтой байлаа, Хүний сэтгэлийн гал бөхөөгүй цагт зорилгын гал ч бөхдөггүй. Зорилгын гал нь дүрэлзэж байхад зогсох сэдэл хэнд ч төрдөггүй.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран энэ мэт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах хувийн хэвшлүүд олон байвал туйлын сайшаалтай. Сайн санаачлагчийн хөдөлмөр, сайн дэмжигчийн дэмээр үр дүнд хүрдэг. Бид зөвхөн төрийн бодлого, шийдвэрт найдах биш нийгмээрээ, хувь хүн, хувийн хэвшил ялгаагүй хамтаараа зүтгэж байж л тэгш нийгэм, тэгш тогтолцоог сүндэрлүүлэх билээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …