Х.Нямбаатар:Төрийн бодлого гэр бүлийг салгаж сарниулахад бус тогтвортой байдлыг хангахад чиглэх ёстой

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганыг нээж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бодлогыг бүх хуультай уялдуулна. Үүний хүрээнд хуулийн реформууд хийж байна.

Саяхан Хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсан. Тус хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн төлбөрийн чадваргүй хохирогч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой болсон юм. 

УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуульд сэтгэл санааны хохирлыг төрөөс үнэлж барагдуулах үнэлгээний журмыг оруулж байгаа.

Цаашид гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санааны хохирол амссан хүмүүсийн хохирлыг барагдуулж, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болгоно.

Ирэх жилээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүст биечилсэн сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ, төсөл хэрэгжүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зан үйл засах сургалтыг бүхэлд нь хэрэгжүүлэх боловсон хүчний нөөц дутмаг байна. Тиймээс энэ чиглэлд 2023 онд гаднын байгууллагатай хамтарч ажиллах шаардлага бий.

2022 оны аравдугаар сард гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 257 мянган дуудлагын цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Үүний 12.5 хувь буюу 31 мянга гаруй нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага байсан аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар баривчилж байна. Төрийн бодлого гэр бүлийг салгаж сарниулахад бус тогтвортой байдлыг хангахад чиглэх ёстой. Эхнэр нь дуудлага өгөөд нөхрөө баривчлуулсан гэр бүл цаашид таатай харилцаатай байна гэдэг хэцүү. Тиймээс дуудлага өгөх хүртэлх харилцаанд ач холбогдол өгөх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага ч өгсөн мэдээллийг тал бүрээс шалгах шаардлагатай.

Зарим тохиолдолд хэлмэгдсэн эрчүүд, аавуудын талаарх гомдол ирдэг. Ажлаасаа ирэхдээ халамцуу ирээд үл ялиг ам зөрөхөд дуудлага өгдөг тохиолдол байна. Тиймээс ХЗДХЯ, Криминологийн холбоотой хамтран судалгаа хийхээр төлөвлөсөн.

Мөн 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулна.

Эхний ээлжинд Android үйлдлийн системтэй программуудыг нэвтрүүлж байгаа. Цаашид IOS системд шилжинэ.

Энэ ажил амжилттай өрнөвөл 2023 оны төгсгөл гэхэд Эрүүгийн хэргийг цахимаар шийддэг болно. Түүнчлэн хөнгөн хэргийн шүүх хурлыг цахимаар явуулна” гэлээ.

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …