Б.Хаш-Эрдэнэ: Эрүүний хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ оройтвол хортой хэлбэрт шилжих ЭРСДЭЛТЭЙ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын эмч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай тасаг  Эрүү хоншоор ясны хоргүй хавдрын эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Юуны өмнө шүд, эрүүний хорт хавдар гэж юу вэ, яагаад хавдар болдог тухай тайлбарлавал?

-Эрүү хоншоор ясанд байрласан шүд үүсгэдэг эдээс гаралтай хавдрыг шүдний хавдар гэнэ.  Шүдний гаралтай хавдрыг шүдний аль эдээс гаралтайгаас хамааран дотор нь олон төрөлд ангилан авч үздэг.  Үүний нэг нь Эрүүний хоргүй хавдрыг 

  • Шүд үүсгэдэг эдээс буюу шүдний гаралтай, шүд агуулсан уйланхай, 
  • Ясны эдээс буюу шүдний бус гаралтай  гэж хоёр бүлэгт ангилдаг. 

Шүдний гаралтай хавдар нь шүдний сурвалжаас ургасан юм шиг харагддаг шүд агуулсан уйланхай дотор нь шүд байдгийг хэлж байна.  Харин шүднээс хол зайтай өөр байрлалд гэхдээ эрүү хоншоорын ясанд байвал  шүдний бус гаралтай хавдар гэж үздэг. 

Зарим уйланхай шиг эрүүний хоргүй хавдар нь ихэвчлэн эхний үе шатанд шинж тэмдэггүй томордог. Оношилгоо, эмчилгээ оройтвол хоргүй хавдар нь хортой хэлбэрт шилжиж болно. Зарим тохиолдолд ясны хавдар нь гайморын хөндий, хамрын хөндий, нүдний ухархай руу томорч ургадаг бөгөөд энэ нь ясны эдийг гэмтээж, нүүрний гоо зүй алдагддаг. 

Мөн хүчтэй өвдөлт өгч, арьс салст улайж үрэвсэх, халуурах болон бусад өвдөлтийн шинж тэмдгүүд дагалддаг. Зохих эмчилгээ хийлгээгүй тохиолдолд олон хоргүй хавдар нь хорт хавдар болж хувирдаг тул хэрэв илэрсэн бол та даруй эмчид хандах хэрэгтэй. 

-Эрүүний хоргүй хавдар ямар шинж тэмдгээр илрэх вэ?  Шүдний өвчлөлөөс ямар ялгаатай вэ? 

– Амны  байрлалтай хавдрын илрэх шинж тэмдэг нь өөр өөр учир нийтлэг шинж тэмдэг гэж байхгүй. Амны хөндийн хавдрын хувьд ярихад  ихэвчлэн жижигхэн шархлаа үүснэ. Энэ шархлаа витамины дутагдлын үед гардаг шархлаатай төстэй боловч ялгаатай хэд хэдэн шинжүүд бий. Тэрийг нарийн мэргэжлийн эмч л ялгана. 

Эрүүний хоргүй хавдар нь янз бүрийн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөн дор ямар ч насанд үүсэж болно.

Эрүүний хоргүй хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд 

  •   Эрүүний үрэвсэлт үйл явц, (шүдний цоорол, буруу хиймэл шүдний холголт шалтгалсан өвчлөл)
  •  Гадны биет (шүдний сувгийн эмчилгээ хийх үед ломбоны материал эрүү хоншоор ясны хөндийд орох
  •  Эрүү, хоншоор ясны архаг эсвэл цочмог гэмтэл, 
  • Химийн болон ионжуулагч нөлөөлж болдог.

-Энэ төрлийн хавдрын мэс заслын нарийн түвшний орчин үеийн Piezo ultrasonic bone surgery system /“Piezo” хэт авиан давтамжаар ажилладаг хатуу эдийн буюу ясны хөрөө/-ээр  оношилгоо, эмчилгээг танай эмнэлэг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Энэ эмчилгээний давуу тал юу вэ?

Хоргүй хавдрын эмчилгээ нь ихэвчлэн мэс заслын эмчилгээ байдаг. Мэс заслын эмчилгээг хийхдээ аль болох MI буюу эрүүл эдийг бага гэмтээх аргыг сонгодог. Ихэнх тохиолдолд хавдрын дахилтаас урьдчилан сэргийлэхийн тулд ясны хавдартай үхэжсэн хэсгийг бүрэн авч,  дараа нь үүссэн согогийг нөхдөг.

Манай эмнэлэг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Эрүү нүүрний мэс засалд орчин үеийн “Piezo” хэт авиан давтамжаар ажилладаг хатуу эдийн буюу ясны хөрөөг нэвтрүүлэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Ясны хавдрын мэс заслын үед хавдрыг өрөмдөж, хөрөөдөх үед яснаас гадна эрүүл зөөлөн эдийг ихээр гэмтээдэг сул талтай байдаг. Харин энэ системийг нэвтрүүлснээр зөөлөн эд бага гэмтэж, мэс заслын дараах нөхөн сэргэлт хурдан, зовиур маш бага, мэс тухайн иргэний сэтгэл ханамж өндөр зэрэг маш олон давуу талтай.

Тухайлбал,

  • Уламжлалт ясны хөрөө, өрөмнүүдийг бодвол эдийг бага гэмтээнэ.
  • Илүү нарийвчлалтай ясыг өрөмдөж болно
  • Эрүү нүүр орчмын судас, мэдрэлийг бага гэмтээнэ
  • Уламжлалт ясны хөрөө, өрөмнүүдийг бодвол дуу чимээ бага, энэ нь өвчтөнд айдас багатай, бөгөөд эмчид амар.
  • Мэс заслын дараа нөхөн сэргэлт хурдан
  • Уламжлалт ясны хөрөө, өрөмнүүдийн хүрэх боломжгүй ясны хүрч ажиллах боломжтой.

-Танай тасаг хэчнээн иргэнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлээд байгаа вэ? 

Өмнө нь ХСҮТ, УНТЭ эрүүгийн хоргүй болон хортой хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол ЭМЯ-наас гаргасан төвлөрлийг сааруулах, иргэдэд тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд манай эмнэлэг 2022 оноос эхлэн энэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. 

УХТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасаг өнөөдрийн байдлаар нийт 700 гаруй хүнд мэс заслын болон эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлсэн. 

Манай тасаг долоо хоногт эрүү нүүрний чиглэлээр 3-5 төрлийн мэс засал, сардаа 20 гаруй иргэнд хоргүй хавдрын мэс заслын хийдэг.  Цаашид эрүүний хортой хавдрын мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд бэлтгэл ажил хангагдаж байна.

-Энэ тохиолдолд ямар эмчилгээ, оношилгоо хийгдэж байгаа вэ?

Оношилгоог цаг тухайд нь хийхийн тулд нарийн үзлэг шинжилгээ хэрэгтэй.  Үүнд:

  • Эрүү нүүрний үзлэг, асуумж
  • рентген зураг, 
  • компьютер томограф, 
  • риноскопи, 
  • фарингоскопи, 
  • биопси болон бусад төрлийн шинжилгээг хийнэ.

-Энэ төрлийн  мэс засал эмчилгээнд иргэнээс ямар нэг төлбөр гардаг уу?

– Хавдрын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үзүүлж байна.

-Урьдчилан сэргийлэх  ямар арга байдаг бэ?

Хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсээс хол байх. Сэжигтэй тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид эрт хандах хэрэгтэй. Жишээ нь шүдний цоорол, буруу хиймэл шүдний холголт шалтгаалсан шүд улмаар эрүү нүүр орчим  өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь чухал. Хиймэл шүд зүүхдээ аль болох өөрт таарсныг сонгох хэрэгтэй.  Мөн амны хөндий орчимд ямар нэгэн шарх, сорви ажиглагдах бол мэргэжлийн эмчийн зөвлөгөө чухал гэдгийг анхааруулмаар байна.

Шүдэндээ гүн цооролтой эсвэл тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүс цаг хугацаанд нь эмчлүүлээгүйгээс болж хамаг асуудал үүсэж байдаг учир үүн дээр анхаарах хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …