С.Нандин: “Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд амжилттай оролцож улсдаа миссийн титмийг авч ирэх зорилготой

Арваннэгдүгээр сарын 12-29 өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг “Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй мисс С.Нандинтай ярилцлаа.


-“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсанд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу?

-Юуны өмнө намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нийт монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Намайг Сэргэлэнгийн Нандин гэдэг. Би 18 настай. Миний хувьд өнгөрсөн тавдугаар сард Гүрж улсын Тбилиси хотод зохиогдсон Дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээнээс “Шилдэг үндэсний хувцас” болон Гран При шагнал хүртсэнээр “Эх дэлхийн Мисс-2022” тэмцээнд оролцох эрх авсан. Тайзнаа Монгол Улсынхаа нэрийг дуудуулахад маш их сэтгэл хөдөлж, бахархалтай гоё мэдрэмж төрдөг юм байна лээ. Мөн намайг энэ тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн ойр дотныхон, богино хугацаанд дээл хувцсыг минь оёж урласан хумүүсийн нөр их хөдөлмөрийг бодохоор огшоод тайзнаас буугаад би уйлж байлаа. “Эх Дэлхийн Мисс-2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох болсондоо туйлын баяртай байна. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад чиглэсэн энэхүү тэмцээнд оролцож эх орныхоо дуу хоолойг дэлхийд таниулан авьяас чадвар, ухаанаа уралдуулах хариуцлагатай үүрэг ирж байгаад талархалтай хүлээж авсан. “Эх дэлхийн мисс-2022” тэмцээн аравдугаар сарын 24-ний өдрөөс цахим хэлбэрээр эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 12–29-ний өдрүүдэд Филиппин улсад хүрэлцэн очиж тэмцээндээ үргэлжлүүлэн оролцоно. Тэмцээний бэлтгэл ажил нэлээд ихтэй байсан, одоо үндсэндээ хангадаж дуусч байна.

-Тэмцээнд үндэсний ялагчийг шалгаруулахад төсөл их чухал үүрэгтэй байдаг шүү дээ. Өөрийнх нь хувьд ямар төсөл танилцуулсан бэ?

-Байгаль эх бол хүний бие организмтай адил өөрөө өөрийгөө хамгаалж тэнцвэржүүлж байдаг гайхамшигтай зүй тогтолцоотой. Энэ гайхамшигт амьдралын тогтолцоог хүн төрөлхтөн бид хөндлөнгөөс хүчээр өөрчилснөөс үүдэн маш их сөрөг нөлөө үүсээд байгаа нь нууц биш юм. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хотжилт, үйлдвэржүүлэлтийн улмаас манай эх орон төдийгүй дэлхий нийтээрээ экологийн тэнцвэрт байдлыг эвдэхэд хүргэж буй нь харамсалтай. Тиймээс нийтээрээ байгаль орчноо аварцгаая. Үүний тулд бид дуу хоолойгоо нэгтгэж, сайн үйлсийн төлөө улс үндэстнээрээ гар нийлэх ёстой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл

Comments are closed.