А.Ариунзаяа: Тэтгэврийн шимтгэлийн 2 хувийг бодит хуримтлал болгоно

Нийгмийн даатгалын тогтолцоог хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж буй.  

Энэ хүрээнд Сингапур улсын хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэхээр тус улсаас зөвлөх үйлчилгээ авах ажлын эхний үе шат дууссан байна.

Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа “Алсын хараа 2050” нэвтрүүлэгт оролцохдоо дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Залуучууд хуваарилалтын тогтолцооноос илүүтэй хуримтлалын тогтолцоог бий болгох шаардлагыг тавьж байна.

Хуримтлалын тогтолцоо нь миний төлсөн шимтгэл эргээд зөвхөн надад зарцуулагдах ёстой. Би үүнийг ар гэртээ өвлүүлэх боломжтой байх ёстой. Сингапур, Казахстан зэрэг 30 орчим улсад хуримтлалын тогтолцоо байдаг. Тодорхой хуримтлал үүссэн байгаа бол түүнийгээ эргээд өөрийнхөө боловсрол, эрүүл мэнд, орон сууц гэх мэт тодорхой секторт зарцуулах боломжтой байх энэ гарцуудыг нээж өгнө үү гэдэг шаардлага үүссэн явж байгаа.

Бид Сингапурын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр зөвлөх үйлчилгээ авах ажлын эхний үе шат нь дууссан. Аливаа өөрчлөлт хурдан хийгдэхгүй. Нэн ялангуяа олон хүнийг хамарсан чухал асуудал дээр хуумгай хандаж болохгүй. Тиймээс үе шаттай хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжихээр бодлогын бичиг баримт бичиг болоод хуулийн төслүүд явж байгаа.

Бидний хувьд төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын бичиг баримтуудад үе шаттай хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжинэ гэдэг нь орчихсон байгаа.

Бид төсвөөс тодорхой хэмжээнд эхний үе дээрээ том дэмжлэг шаардлагатай болно. Хэзээ, хаана, яаж эхлэх вэ гэдэг нь нэг том сорилт болж эхэлнэ.

Бидний хувьд тэтгэврийн шимтгэлийн 17 хувийн 2 хувийг нь бодитоор хуримтлал үүсгэж эхэлье гэдэг концевцыг дэвшүүлээд явж байгаа. УИХ-д ороод хэрхэн, яаж батлагдах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна” гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.