Г.Отгонтамир:Шар дарцгийг өргөж гарснаар сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол эрс буурсан

Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм.

Тус аяны талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас хамтран мэдээлэл өгөв.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Хүүхдийн аюулгүй байдал Монгол Улсын хэмжээнд гол анхаарал татаж байгаа асуудал.

 Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд бэртэж, 57 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тэдгээрийн 51 нь орон нутагт, зургаа нь нийслэлд байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд заавал эцэг эх, асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. 2021 онд эхэлсэн “Шар дарцаг” аян тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн.

 Шар дарцгийг өргөж гарснаар жолооч нарт 150-200 метрийн зайнаас харагдах байдал ил тод болж, сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол эрс буурсан.

Түүнчлэн эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар аяныг хэрэгжүүлж байгаа.

2019 оны хичээл эхэлсэн үеийг 2021 оны мөн үетэй харьцуулахад сургууль орчимд явган хүний гарц орчимд гарсан осол 32.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн эцэг эхийн эргүүл буюу “School Police” ажилласнаар осол бүртгэгдэх тохиолдол 45-50 хүртэлх хувиар буурсан.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэд зөв дадлыг хэвшүүлэх, хөдөлгөөнд оролцож байгаа иргэн анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна” гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.