Б.Итгэлсүрэн:Банк бус санхүүгийн байгууллагуудын финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоолоо

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 14-ний ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан байна. Энэ талаар СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнтэй ярилцлаа.  

-Иргэдээс банк, ББСБ зээл олгохгүй байна гэсэн асуудал ихээр яригдаж байна. Зээл олголт хумигдсан нь юунаас болж байна вэ?

-Банкны зээл олголт хумигдсан тухай мэдээллийг тантай нэг адил хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч байна. Иймд энэ талаар Монголбанк, арилжааны банкуудаас асуувал илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан мэдээлэл өгөх байх. Харин ББСБ-уудын хувьд сүүлийн жилүүдэд зээл олголт жил бүр 40 орчим хувийн өсөлттэй байгаа. Мэдээж арилжааны банкууд зээл олголтоо хумих арга хэмжээ авсан тохоиолдолд зах зээл дээрх зээлийн эрэлтийг банкнаас бусад зээл олгох эрх бүхий хуулийн этгээд хангаж ажиллах шаардлага үүснэ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш ББСБ-уудын зээлийн эрэлт огцом нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий. Зээлийн энэхүү эрэлтийг энэ байгууллагууд өөрийн нөөц бололцоогоороо л хангаж ажиллаж байгаа болов уу. ББСБ-ууд ихэвчлэн хувьцаа эзэмшигчдийн өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг учраас зээл олгох эх үүсвэрийн хувьд хязгаарлагдмал нөөцтэй бөгөөд ашгийн төлөө хуулийн этгээд учраас нөөц бололцоогоо бүрэн шавхаж ажиллаж байгаа гэж бодож байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын зээлтэй холбоотой ямар нэгэн хязгаарлалт тогтоосон асуудал байгаа юу?

-Байхгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн зохицуулалтад үйл ажиллагаа явуулдаг ББСБ, ХЗХ-ны зээл олголтыг шууд хязгаарлах хууль эрх зүйн ямар ч боломжгүй. Харин сүүлийн жилүүдэд ББСБ-ууд технологид суурилсан зээл буюу финтек зээлийг маш ихээр олгох болсон. Өнөөдрийн байдлаар 36 ББСБ зах зээл дээр финтек зээлийн үйлчилгээг ард иргэдэд хүргэн ажиллаж байна. Финтек зээл нь орон зайнаас үл хамааран бага дүнтэй хэрэглээний зээлийг иргэдэд олгож байгаа давуу талтай ч энэ төрлийн зээлийг хэт хавтгайруулж олгосноор иргэдийг өрийн дарамтад оруулах эрсдэл үүсэх магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос финтек зээлийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байгаа дээрх 36 ББСБ-ын тухайн төрлийн зээлийн үйл ажиллагаанд зээлдэгчдийн өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар тооцож зээл олгох зохицуулалтын шийдвэрийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаараа гаргасан.

Энэхүү харьцааг ББСБ-ууд хэзээнээс мөрдөж эхлэх вэ?

-Энэхүү харьцаа нь ББСБ-уудын финтек зээлийн бүтээгдэхүүнтэй холбоотой өр, орлогын харьцаа тул технологи, программ хангамжийн хөгжүүлэлт хийхэд тодорхой хугацаа шаардагдах учраас тогтоолын хэрэгжилтийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Нэмж хэлэхэд ББСБ-ууд нь өр орлогын харьцааг тооцохдоо Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны А-277 дугаар тушаалаар батлагдсан “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-ыг мөрдлөг болгож ажиллах ёстой.

Финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоосноор ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ?

-ББСБ-ууд нь финтек зээлийн бүтээгдэхүүнийг санал болгохдоо тухайн харилцагчийн зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй тохиолдолд зээл олгож болно. Энэ нь нэг талаас санхүүгийн зах зээлд зохицуулалтын орчныг чангаруулах нь тухайн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсгэх нөлөөтэй ч нөгөө талдаа өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоосноор зээлдэгчид амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг нь үлдээх шаардлагыг тавьж байна гэсэн үг. Ингэснээр зээлдэгчийг өрийн дарамтад орохоос урьдчилсан сэргийлсэн бодлогын шийдвэр болж байгаа юм.

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …