С.Чулуун:“Чингис хаан” музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна

“Чингис хаан” музей 10 дугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийх гэж байна. Музей нээх гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, музейн захирал, академич С.Чулуун нар мэдээлэл өгөв.

“Олон улсын стандартад нийцсэн музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг” гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

“Чингис хаан” музейн захирал С.Чулуун“ “Чингис хаан” музейд нийт 11 мянга гаруй үзмэр, дурсгал тавигдаж байгаа. Үзмэр бүрдүүлэлтийн асуудал бол Улаанбаатар хотод байгаа музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэнгүүд, соёлын өв зэрэг бусад байгууллагын сан хөмрөгт хадгалагдаж байгаа нийт дурсгалын найман хувь тавигдаж байна.

Гадаадын 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон Монголчуудтай холбоотой зайлшгүй шаардагдах дурсгалуудын А хуулбарыг авсан. Тухайлбал, Чингисийн чулууны бичиг, Алтан ордны хаад язгууртны бичиг, Чингис хааны нэртэй Алтан гэрэгэ, Японы хааны ордонд хадгалагдаж байгаа Юань улсын аян дайныг харуулсан уран зургийн хуулбар. Сонирхуулахад, Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбарыг авснаас 28 хоногийн дараа “Хосгүй үнэт дурсгал”-ын бүртгэлд орсон.

Музей бол хоёр янзын чиглэлтэй. Нэгдүгээрт, мөнгөөр үл хэмжигдэх соён гэгээрэл буюу хүнийг хүмүүжүүлэх. Хоёрдугаарт, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх үүрэгтэй гэж харж байгаа.

“ Чингис хаан” музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна”гэв.

“Чингис хаан” музей 10 дугаар сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ.

16 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000, гэр бүлд 20,000 төгрөгөөр үйлчилнэ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    Tengteed bai?!! 8-9 tsag uzdeg gej bxvdee xudlaa shou xiigeed, aimshig in undur Une tavichaad yaj yaduu ard tumen chini uzex yum?!!!

Comments are closed.