Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг дахин боловсруулах чиглэл өгч буцаалаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулснаа Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны нэр бүхий газрын дарга нар УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав.

Төсөлтэй УИХ-ын дарга танилцаад дахин боловсруулах чиглэл өгч буцаалаа.

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав. Энэ хүрээнд тээвэр, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм.

Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.

Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна. Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна. 
 
Макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа” гэж танилцууллаа.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, зарим тооцоо судалгааг дахин нягталсны үндсэн дээр  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулж, зохих бэлтгэл ажлыг хангаад УИХ-д өргөн барих үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.