Д.Амарбаясгалан: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулах тушаал гаргалаа

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Есдүгээр сарын 26-ний өдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл, мэдээлэл дундуураа хийсэн алдаа шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна.

Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс, усгаа, хэл, арьсны өнгө, нас, шашин шүтлэг, нийгмийн гарал, албан тушаал, эрхэлсэн ажил, боловсрол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.
19 дугаар зүйлд “Төр хүний эрх эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг үүрэгт ажлаас огцруулах тушаал гаргалаа.

Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллана.

Аливаа төрийн албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоох үйлдэлд анхаарал, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл тодорхой харуулж байна. ”гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.