Элчин сайд Т.Жанабазар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Исланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар Бүгд Найрамдах Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Т.Жанабазар Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонтой уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн Исландын Хүүхэд болон боловсролын сайд Осмундур Дадасон, Хүнс, загас болон хөдөө аж ахуйн яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга Бенедикт Орнасон, Хүрээлэн буй орчин, эрчим хүч, уур амьсгалын яамны Бодлого зохицуулалт, олон улсын хамтын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хуги Олафссон, ГХЯ-ны Байнгын төрийн нарийн бичгийн даргын орлогч Анна Ёоханнсдоттир, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Рагнар Кристянссон, хоёр талын харилцааны газрын захирал Элин Сигурдардоттир, Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх олон улсын төвийн ерөнхий захирал Нина Ёонсдоттир, Исландын судалгааны “РАННИС” хүрээлэнгийн ерөнхий захирал Огуст Ингдорссон зэрэг албаны болон бизнесийн зарим төлөөлөлтэй уулзав.

Элчин сайд Т.Жанабазар хоёр орны харилцаа нь ардчилал, хүний эрх,  эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж буйг дурдаж, хоёр тал газрын гүний дулааныг ашиглах, байгаль орчин, ногоон технологи, боловсрол болон эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Энэ үеэр тэрээр Исландын Засгийн газрын “Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын Төв”-ийн шугамаар манай мэргэжилтнүүдийг газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр идэвхтэй сургаж буй нь манай хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж буйг тэмдэглэж, цаашид газрын гүний дулаан, жендерийн тэгш байдал, загасны аж ахуйн чиглэлээрх хөтөлбөрүүдэд Монголын холбогдох байгууллага, их, дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн алба хаагчдыг хамруулан давтан сургахаар ажиллах болсонд талархал илэрхийлэв.

Мөн Монгол, Исландын дипломат харилцааны 50 жилийг ойг хамтран тэмдэглэх, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийх, зарим төрлийн паспортыг визээс чөлөөлөхөөр тохиролцох зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.

Элчин Сайд Т.Жанабазар Исландад ажиллах үеэрээ тус улсад оршин суугаа Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.