Ч.Баянжаргал: Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийн нэгээхэн хэсэг нь мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх

Монголын Нотариатчдын танхим үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж “Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх, эвлэрүүлэн зуучлал ба нотариат” сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр болж байгаа хэлэлцүүлгийн талаар Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргалтай цөөн хором ярилцлаа.


-Монголын Нотариатчдын танхим анх хэзээ үүсгэн байгуулагдсан бэ. Ер нь үндсэн чиг үүрэг нь юу вэ?

-Монгол Улсад нотариатын чиг үүргийг төр гүйцэтгэж эхэлсэн үеэс тоолбол 100 жил, 1997 онд Нотариатын тухай хоёр дахь хууль батлагдаж, орчин үеийн Монголын Нотариатчдын танхим байгуулагдсанаас үзвэл өдгөө 25 жил, 2013 онд Олон Улсын Нотариатын Холбооны 83 дахь гишүүн байгууллага болсноор олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байна.Манай байгууллагын үндсэн чиг үүрэг нь гишүүдээ мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах замаар олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах ажлыг зохион байгуулж ажилладаг.


-“Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх, эвлэрүүлэн зуучлал ба нотариат” сэдвийг яагаад сонгосон, түүний ач холбогдлын талаар дэлгэрүүлэн мэдээлэл өгнө үү.

  1. Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийн нэгээхэн хэсэг нь мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх асуудал юм. Энэ асуудалд дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байгаа ч улс орон бүр харилцан адилгүй байна. Европын ихэнх улсад нотариатч нь Trust-ын үйлчилгээ үзүүлдэг бол манай улсад тийм чиг үүрэг байдаггүй. Гэтэл энэ харилцааг зохицуулж буй хууль, эрх зүйн акт нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг байдлаар журамлагдсан байдаг. Энэхүү хэлэлцүүлгээр бид өөрийн орны эрх зүйн зохицуулалтыг ярилцахаас гадна гадаадын зарим улсын туршлагаас суралцаж, практикт тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаад гол ач холбогдол оршиж байгаа.
  2. Эвлэрүүлэн зуучлал нь үүргийн гүйцэтгэлийг гэрээнд оролцогч талуудын байгуулсан гэрээний хэм хэмжээгээр нь хангуулах чухал механизм юм. Үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд түүнд үүссэн үүргийг талууд харилцан тохиролцож гүйцэтгэх нь шүүхийн бус журмаар асуудлаа шийдвэрлэж байгаа хэрэг юм. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь талуудын эвлэрэх аргыг өргөн хүрээнд журамлаж, сонголт хийх боломжийг олгосон байх нь зүйд нийцнэ. Өөрөөр хэлбэл гэрээнд оролцогч талуудын эвлэрэх арга нь олон сонголттой, талууд өөрсдийн тохиролцсон аргаа сонгож үүргийн гүйцэтгэлээ хангуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэсэн үг юм.
    Гадаадын зарим улсад эвлэрүүлэн зуучлалын харилцаанд нотариатч оролцдог туршлага байдаг. Энэ нь их үр дүнтэй учир гэрээнд оролцогч талууд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын шатанд эвлэрэхээс илүү шүүхээс гадуур, чөлөөт орчинд мэргэжлийн, хөндлөнгийн хуульч (нотариатч)-ийн зөвлөгөөг авч эвлэрэхийг илүүд үздэг.
    Хуулиар энэ боломжийг иргэн, хуулийн этгээдэд олгосон байх ёстой. Энэ утгаараа бид эвлэрүүлэн зуучлалын харилцаанд нотариатч оролцдог туршлагыг судлах гэж энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Энэ бол манай улсад шинэлэг асуудал юм шиг боловч нотариатчийн гэрчилдэг зарим төрлийн гэрээ нь талуудын эвлэрлийн асуудлыг шийдвэрлэж байдаг тул Эвлэрүүлэн зуучлах тухай хуулиар энэ асуудлыг зохицуулж өгөх нь иргэд, байгууллагын цаг, зардлыг ч хэмнэх, шүүхийн ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой.
    -Та энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
    -Энэхүү арга хэмжээ мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх болон эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь онцлог бөгөөд өөрийн орны өвөрмөц онцлог, хууль тогтоомжийн зохицуулалт болон гадаадын зарим улсын туршлагаас суралцаж, мэргэжлийн чиг үүргээ илүү ур чадвартай хэрэгжүүлэх, мэдлэгээ баяжуулах онол практикийн өндөр ач холбогдолтой. Нөгөө талаас эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж буй энэ цаг үетэй давхцаж, эдгээр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцож байгаа нь хэлэлцүүлгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, илүү үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байна.
Холбоотой мэдээлэл

Comments are closed.