Найруулагч М.Батболдын гурав дахь бүтээл “Опал” жүжиг аравдугаар сарын 1-нээс тоглогдоно

“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Broadway” театрын алдарт бүтээл болох энэхүү жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллажээ.
Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна.

Мөн энэхүү жүжигт Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээж буй бөгөөд тэд нэгэн тайзан дээр хоршин тоглох нь ээ.
“Орфей” театр энэхүү бүтээлээрээ өнөө цагийн хүмүүс бидэнд хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахаар зорьж байгаа аж.

АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна.
Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигджээ.
“Everybody loves Opal” жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal”.
Сонирхуулахад тус театрын хамт олон энэхүү жүжгээ аравдугаар сарын 10-нд манай улсад ажиллаж, амьдарч буй олон улсын үзэгчдэд зориулж, англи орчуулгатайгаар тоглохоор зэхэж буй юм байна.
Жүжиг “Хүн театр”-т тоглогдох юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.