ЦХХХЯ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нарыг томиллоо.

Б.Болор-Эрдэнэ нь 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр  сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хөгжлийн дэмжих багц хуулиуд болон төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г санаачлан хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллаж байсан бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн юм. 

БОЛОВСРОЛ

  • 2016-2017: Оксфордын Их Сургууль, Англи, Нийтийн удирдлагын магистрын зэрэг
  • 2011-2014: Хандон Глобал Их Сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг
  • 2007-2011: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Олон Улсын Харилцааны бакалаврын зэрэг
  • 1999-2007: Булган аймаг Ерөнхий боловсролын сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2022.01-одоог хүртэл: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020.07-2022.01: Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
  • 2020.01-2020.07 Монгол Улс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга
  • 2019-2020.07: Оксфордын Их Сургууль болон Гейтс сангийн хамтарсан санхүүжилттэй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн зохицуулагч
  • 2018-2020.07: Дэлхийн банк, Австрали Улс дахь салбарт Үнэлгээний зөвлөх
  • 2017.05-2017.09: Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Судлаач
  • 2011-2017: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ЗОЛБАЯР

 Тэрбээр 2016 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд  “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

Түүнчлэн Монгол Улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 10.4 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн шууд үр дүнг гаргасан. 

БОЛОВСРОЛ

  • ЕБС-ийн 54-р сургууль
  • ШУТИС-ийн ХМТС-ийн Мэдээллийн технологи, техникийн ухааны магистр

АЖИЛ

  • 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2007-2009 он: Энжинекс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2005-2007 он: Интелликом ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2001-2005 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газрын Хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн
  • 2000-2001 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн программист

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …