Ой тогтоолтын Улсын аваргаар Т.Тэнүүн тодорлоо

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан “ОЮУНЫ НААДАМ-2022” оюуны спортын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.
Энэхүү наадам 12 дахь удаагийн “Ой тогтоолтын Улсын аварга” шалгаруулах тэмцээнээр эхэлсэн ба 15, 16-ны өдрүүдэд үргэлжилж, амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд академийн Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 31 гэрээт салбараас шилдэг 120 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм.
Олон улсын цолтой (ОУ-ын Их Мастер 5, ОУ-ын Мастер 5, Азийн Мастер 2) 12 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо.
Энэ жилийн улсын аваргын “Бага нас”-ны ангилалд Дархан-Уул аймгийн тамирчин Э.Үүрийнцолмон (3812 оноо), “Өсвөр нас”-ны ангилалд “Wreck it Mind” клубын тамирчин Ц.Оюун-Эрдэнэ (6083 оноо), “Насанд хүрэгчид”-ийн ангилалд Багшийн дээд салбар, “MegaMind” клубын тамирчин ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн (8251 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртлээ.
Харин тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор нийт тамирчдаа тэргүүлэн 2022 оны “Улсын аварга”-аар 2020, 2021 оны Улсын Аварга, ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн (8251 оноо) тодорч аваргын цом, медаль, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж гурван жил дарааллан улсын аварга болж шинэ түүхийн хуудсыг нээлээ.
Тэрээр шагнал авах үеэрээ “Сайн байна уу, би Тэнүүн байна. Энэ амжилтыг гаргахад дэмжиж туслан, урам өгч байсан багшдаа, гэр бүлийнхэндээ, найзууддаа баярлалаа. Тэмцээний үеэр маш их сандарч байсан ч “чи чадна шүү” гэж өөрийгөө хянаж төрлүүддээ амжилттай оролцож хүссэн амжилтдаа хүрлээ. Бусдадаа хандаж хэлэхэд тууштай байгаарай, зорьсон зүйлдээ заавал хүрээрэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Харин тэмцээний нийлбэр дүнгээр дэд байрт 2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, 2017, 2018 оны Улсын Аварга, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (7393 оноо) шалгарч 750 мянган төгрөг, гутгаар байрт 2019 оны Насанд хүрэгчдийн Азийн аварга, ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж (6350 оноо) шалгарч 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртсэн юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …