Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Хотын дарга эхний ээлжинд хотын төвд өрнөж буй бүтээн байгуулалттай танилцсан бол удаах зорин очсон газар нь Богд хааны ордон музей байлаа. Богд хааны ордон музейн гадна орчинд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун замын ажил, сити 00, гэрэлтүүлэг, сандал ширээ, мод тарилт, 60 метр урт дулааны шугам  шинэчилж хүчитгэх ажлыг хийж буй юм. Богд хааны ордон музейг тойрсон 161 метр урт хашааг буулгаж, оронд нь 2500 орчим анхилам үнэрт гоёлын бут суулгажээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжилсны дагуу тус музейн ойролцоо байршуулсан хэд хэдэн том хэмжээний самбарыг буулгасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бусад хөгжингүй улс орнууд эзэн хааны ордноо ихэд хүндэтгэн эрхэмлэж, тохижилтод нь гойд анхаардаг. Манай улсад энэ соёл дутмаг байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн бүтээн байгуулалтад Богд хааны ордон музей орчмын тохижилтыг багтаалаа. Энэхүү ордны болоод бусад тохижилтын ажилд оролцож буй үндэсний компаниудад талархах нь зүйтэй гэсэн юм.

Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж буй ажээ.


Холбоотой мэдээлэл

Comments are closed.