Хүний нөөцийг хөгжүүлэх Япон улсын JDS тэтгэлэгт хөтөлбөрөөр 16 хүн суралцахаар болжээ

Хүний нөөцийг хөгжүүлэх Япон улсын JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 21 дэх ээлжид Монгол Улсаас 15 оюутан суралцахаар тэнцжээ. Эдгээр оюутныг үдэн өгөх ёслолын арга хэмжээг наймдугаар сарын 8-ны өдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяши Элчин сайдын өргөөндөө зохион байгуулсан байна.

JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 21 дэх ээлжээр

  • Сайтамагийн их сургуульд – 2
  • Мэйжигийн их сургуульд – 2
  • Кюүшүгийн их сургуульд – 1
  • Хирошимагийн их сургуульд – 3
  • Олон улсын их сургуульд – 3
  • Нагояагийн их сургуульд – 1
  • Цүкүбагийн их сургуульд – 3 оюутан

тус тус тэнцэж, магистрантураар сурах боломжтой болжээ.

Түүнчлэн 2016 оноос докторын зэрэг горилох оюутан илгээдэг болсон ба энэ жил Сайтамагийн их сургуулийн докторантурт нэг оюутан суралцах юм байна.

Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн Япон улсын буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрөөр ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулж, буцаж ирснийхээ дараа өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготой. Өдгөө Зүүн өмнөд Азийн орнууд зонхилсон 19 улсад уг хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 5,000 гаруй залуус Япон улсад суралцжээ.

Монгол Улсад энэхүү хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 384 оюутан залуус хамрагдаж, Япон улсад суралцсан байна. Үүнээс 335 оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Монголбанк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа юм. 

Хөтөлбөрийн шугамаар суралцах оюутан залуус нь буцаж ирээд тус тусын салбартаа үр бүтээлтэй ажиллаж, Монгол, Япон хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Хироюки Кобаяши илэрхийлэв. 

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …