Фото:НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш наймдугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд Төрийн дуулал эгшиглэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн.

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон нь Монгол Улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон юм.

Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, өөрийн улсын аюулгүй байдлыг хангах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон зорилтыг чухалчилж байна.

НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн.

Олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан.

Мөн:

  • “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
  • “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
  • “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”,
  • “Бичиг үсгийн боловсролын тухай”,
  • “Ардчиллын боловсролын тухай” тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээр хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулж байна.

Монгол Улс 2026 оныг “Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ээр зарлуулах санаачилга дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар “Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлууллаа.

Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын  байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хөгжиж байна.

Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн.

Анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр цэргийн ажиглагч илгээн, 2006 оноос цэргийн багаа оролцуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 18,000 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.

Монгол Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулсан туршлагадаа тулгуурлаж, “Таван Толгой” дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг өөрийн улсад байгуулах талаар судалж байна.

Санал болгох мэдээ

Э.Батсүх: Авто замын эвдрэл гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Авто замын ашиглалтын хэлтсийн дарга Э.Батсүхээс авто машины  даац хэтрэлттэй …