Б.Батцэцэг:Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр /2022.08.08/албан ёсны хэлэлцээ хийв.

  Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.

Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдэгдэл хийсэн юм.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол, Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Монгол-Хятадын хамтын ажиллагааг дүгнэж, айлчлалын давтамжийг тогтмолжуулах, эдийн засаг, хил гаалийн асуудлыг ярилцлаа.
Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах талаар ярилцлаа.

Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед Иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, найрсаг хөршийн хувьд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, илүү ойр дотно хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд санал нэгдлээ.
Монгол, Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлнэ.
Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэлгэрэнгүй санал солилцлоо.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.
Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснээ тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.
Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.

Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо.
БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцлаа.

Хоёр орны төрийн тэргүүд харилцан тохирсон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хувьд БНХАУ-д суралцаж байгаа монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцлоо. Иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулахаар ярилцлаа.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн тул цаашид ч энэ чиглэлд хамтрахдаа санал нэгдэв. Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын эрх зүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлж байгаа.

Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчны асуудлаар Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Даян дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгуудыг нь сайшаан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна.
Ван И сайдын манай улсад хийж байгаа айлчлалын үеэр Монгол-Хятадын харилцан хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол-Хятадын хамтын ажиллагаа цаашид ч үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.