Ш.Сүүндалай: Сүү шиг цагаан сэтгэлтэй, далай шиг баян явахыг билэгдэж миний нэрийг өгсөн гэж ярьдаг

Монголчууд бид хамгийн ховор нандин, нэн чухал зүйлийн тухай ярихдаа “өдрийн од шиг” хэмээн зүйрлэдэг билээ. Тэгвэл энэ удаа бид Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдаасаа өвөрмөц, содон нэртэй алба хаагчдаа онцлон танилцуулж байна.

Ахлагч Ш.Сүүндалай нь Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангид ажилладаг юм.

Таны нэр их содон юм. Энэ нэрийг хэн өгсөн бэ?

Ээжийн маань аав Гармаа өвөө өгсөн. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн заншлаар нэр бичиж будаанд хийгээд шигшэхэд өвөөгийн бичсэн нэр гарч ирсэн гэсэн. Өвөө маань сүү шиг цагаан сэтгэлтэй, далай шиг баян явахыг билэгдэж өгсөн нэр гэж аав, ээж минь ярьдаг юм.

– Хүмүүс таны нэрийг анх сонсоод гайхдаг уу?

Дахин дахин л асуугаад байдаг. /инээв/ Бага насандаа ороолгон хүүхэд байсан гэдэг. Тэгээд  аав, ээж хоёр маань нутгийн жолооч Нямдорж /хувилгаанч/ гэдэг хүн дээр очоод нэрийг минь солиулж байсан юм билээ. Төрсөн гарагаар нь нэр хайрлаарай гэж хэлсний дагуу Мягмардалай гэж нэрлэн дууддаг байсан. Гэхдээ төрсний гэрчилгээндээ Сүүндалай гэж бүртгүүлсэн болохоор сургуульд орсон цагаасаа л энэ нэрээрээ дуудуулж явна даа.

– Нэр нэгтийн чих нэг гэдэг. Нэр нэгтнүүдтэйгээ хэр таарч байв?

Ерөнхий боловсролын дунд сургууль, цэргийн алба хаасан Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дүгээр анги, Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн сургуульд сурч байхад миний нэртэй хүн таарч байгаагүй. Гэхдээ улсын хэмжээнд ижил нэртэй 18 хүн байдаг юм билээ.

– Гэр бүлд тань таниас өөр содон нэртэй хүн бий юу?

Надаас өөр сонин нэртэй хүн байхгүй ээ. Эгч, дүү бид гурвын нэр тэс өөр. Эгчийг Алтанбагана, дүүг Билгүүнтэй гэдэг.

– Таны нэрний бэлэгдэл, үүрэг гүйцэтгэж байгаа албатай чинь холбогдчихсон юм болов уу?

Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эцэг, эхээс гурвуулаа. Айлын дундах. Онцгой байдлын байгууллагад 2016 оноос хойш зургаа дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Миний төрсөн дүү Ш.Билгүүнтэй Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг. Мөн байгууллагын хэмжээнд зохион байгуулагддаг спортын арга хэмжээнд тогтмол амжилттай баг хамт олноороо оролцож байна.

– Хүн болох хамгийн анхны суурийг аав, ээж нь тавьдаг. Таныг аав, ээж тань ямар хүн болгохыг зорьж, хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

Тэгэлгүй яахав. Аливаад уужуу хандаж хэн нэгэнд хар буруу санаа гаргалгүй зөв бодолтой, зөв хүн болоорой. Аливаа хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандаж байх хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээдэг юм шүү гэж л их захидаг даа. Хамгийн гол нь төлөв даруу зөв хүн болж хүмүүжүүлсэн юм уу даа гэж боддог.

– Таны амьдралдаа авсан хамгийн том шагнал юу вэ?

Миний гэр бүл. Миний аав ээж, эгч дүү бол надад ирсэн хамгийн том бэлэг. Бас миний мэргэжил надад олдсон хамгийн том шагнал.

Эх сурвалж: “Онцгой” сэтгүүл

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …