Н.Баярмөнх: 12 сарын 1-н гэхэд 40000 хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна

Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох алба хэлтэс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хуралдаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, холбогдох яам, мэргэжлийн байгууллагад уламжлах талаар санал солилцлоо.
Судалгаанаас үзэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүртгэлтэй 35277 хүүхэд амьдардаг.
Үүнээс 2021-2022 оны хичээлийн шинэ жилд Баянзүрх дүүргийн 28979 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдсан байдаг.
Тэгвэл 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн тухайд 35277 хүүхдээс 4650 хүүхдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүссэн. Учир нь тухайн 4650 хүүхдийн хувьд түр оршин суух, хаяг шилжүүлэг хийгдээгүй зэрэг олон асуудалтай байгаа юм.
Энэ асуудлыг гэр, түрээсийн байр ашиглах зэргээр зохицуулалт хийж, холбогдох яам хэлтэст яаралтай мэдээлж арга хэмжээ авахуулахыг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ҮҮРЭГ өглөө.


Тэрээр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн 43 хорооноос 22 хороонд цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдсэн.
Үлдсэн 21 хорооны асуудлыг шийдвэрлэхийн тулд түрээсийн байр ашиглах, гэрийн тоог нэмэгдүүлэх, боломжит байршилд цэцэрлэгийн зориулалтын барилга худалдаж авах зэрэг ажлыг холбогдох боловсролын яамтай хамтран ажиллаж яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.
Ингэснээр Баянзүрх дүүргийн бүх хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж, үүнийгээ дагаад хандив нэрээр цэцэрлэгт элсүүлэх байдал зогсоно.

Мөн хамгийн чухал нь хүүхэдээ цэцэрлэгт хамруулж чадсан эцэг эхчүүд ажил хийх бүрэн боломжтой болох юм.
Тиймээс цоожтой хаалганы цаана хүүхдийг үлдээлгүй 2022 оны 12 -р сардаа багтааж дүүргийн 35277 хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй
” гэсэн юм.
Гэр, түрээсийн байр бол энэ хичээлийн шинэ жилдээ түр зохицуулалт хийгдэж буй ажил.
Харин цаашид Баянзүрх дүүрэгт шаардлагатай цэцэрлэг, сургуулийг нэмэх ажлыг Баянзүрх дүүргээс зохион байгуулна.
Энэ хүрээнд наймдугаар сарын 12-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон түүний баг хамт олон, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч зэрэг хүмүүстэй уулзаж хороо бүрд дор хаяж 1 сургууль, цэцэрлэгтэй болгоход шаардлагатай төсөв, санхүүгийн мэдээллийг өгөхөөр боллоо.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.