Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг  байгууллаа.

Энэхүү ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй.

Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан.

Үүнээс зөвхөн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бусад бондын хөрөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, өмнөх бондын өрүүдийг төлөхөд зарцуулсан. Тиймээс манай ажлын хэсгийн шалгалтын хүрээ цомхон. “Чингис” бондын хөрөнгийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг шалгаж, өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно. Энэ бондын хөрөнгийн 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон.

Бид өрийнхөө хэмжээнээс илүү зарцуулалтыг нь анхаарах ёстой. Өрийн асуудал маш эмзэг.

Дефолт болох нөхцөл байдал үүсээгүй гэдгийг дахин хэлье.

Манай улсын нийт гадаад өр өнөөдөр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна.

Сингапур улсын гадаад өр ДНБ-ийхээ 420 хувьтай тэнцэж байгаа. Англи улсын гадаад өр ДНБ-ээсээ гурав дахин, Япон улсынх ч түүнээс ч олон дахин их байна.

Гэтэл яагаад дефолт зарлах асуудал яригддаггүй вэ гэхээр зээлийнх нь зарцуулалт чанартай байдаг. Тэр нь эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгч байна.

Харин манайд зээл үр дүнгээ өгөхгүй байна.

Тиймээс үүнийг шалгана. Ирэх долоо хоногт шалгалтынхаа явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.