Дэлхийн хамгийн гоёмсог 9 загварын музей

Хэрвээ та хаа нэгтээ аялахаар шийдсэн бол тухайн улсад байгаа загварын музейнүүдээр заавал нэг зочлоод үзээрэй. Энэ нь дэлхий дахины загварын түүхийг өгүүлээд зогсохгүй, тухайн үеийн нийгэм цаг үе, соёл, хүмүүс, хувьсал, өөрчлөлт, хөгжил дэвшлийг харуулдгаараа онцлогтой. Ингээд дэлхийн хамгийн гоёмсог загварын музейнүүдтэй танилцана уу.

Palais Galliera, Парис хот

Парисын “The Palais Galliera” загварын музей нь Франц дахь хамгийн алдартай музейнүүдийн нэг юм. Duchess of Galliera ордонд байрлах ба 1977 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Уг түүхэн барилга нь 1894 онд анх ашиглалтад орсон бөгөөд архитектурч Леон Жинений бүтээл юм. Харин загварын музейг нь архитектурч Доминик Брард бүтээсэн бөгөөд үзвэрүүд нь 18-р зуунаас хойших одоог хүртэл загварын түүхийг өгүүлнэ.

The Museum of Decorative Arts, Парис хот

Луврын музейн баруун жигүүрт байрлах “The Museum of Decorative Arts”-ыг архитектурч Гастон Редон загварыг нь гарган 1905 онд нээж байжээ. 8-р зуунаас одоог хүртэлх Paul Poiret, Madeleine Vionnet, Elsa Schiaparelli, Cristóbal Balenciaga, Christian Lacroix зэрэг үе үеийн шилдэг загвар зохион бүтээгчдийн 150,000 гаруй бүтээлүүдийг байршуулсан байдаг. Музейд байрлах Christian Dior-ын 1947 онд бүтээж байсан “New Look” загвар нь их алдартай. 2017 онд Christian Dior загварын ордон 70 жилийн ойгоороо “Designer of Dreams” үзэсгэлэнгээ энд гаргасан. Үүнийг нийт 700,000 зочид ирж үзэн музейн рекордыг эвдэж байжээ.

MET, Нью-Йорк хот

Мет гала арга хэмжээ зохион байгуулагддаг “Metropolitan Museum of Modern Art (MET)” нь дэлхийн хамгийн том урлагийн музейнүүдийн нэг билээ. Нью-Йорк хотын төвд байрлах уг музей нь 1872 онд анх нээгдэж, одоогоор 2 сая гаруй урлагийн бүтээлийг байршуулдаг байна. Францын алдартай зураач нарын гайхалтай бүтээлүүдээс эхлээд Америкийн нэртэй урлагийн бүтээлүүдийг эндээс л харж болно. Музейн нэг жигүүрийг загварын нөлөө бүхий эрхмүүдийн нэг, Америк Vogue сэтгүүлийн эрхлэгчээр олон жил ажиллаж буй Анна Винтурын нэрээр “Anna Wintour Costume Center” хэмээн нэрлэсэн байдаг.

“Victoria & Albert” музей, Лондон хот

Английн Лондон хотод байрлах “Victoria & Albert” музей нь Европын хамгийн том музейн нэгт тооцогдох бөгөөд 1851 онд анх нээгдэж байжээ. Эртний үеэс одоог хүртэлх хувцас эдлэл, гоёл чимэглэл, тавилга, хивс, шилэн эдлэл зэрэг олон төрлийн үзвэрүүдийн багтаасан ба загварын хэсэг нь хамгийн үзүүштэй, гоёмсог засалттай гэдгээрээ алдартай.

“Yves Saint Laurent” музей, Парис хот

Парисын “Hôtel particulier”-т байрлах “Yves Saint Laurent” музей нь 2017 онд үүд хаалгаа нээсэн. Yves Saint Laurent брэндийн түүхэн 50 загвар, хар зураг, гэрэл зургууд, дүрс бичлэг болон сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд гардаг. Музейн хамгийн онцлох хэсэг бол 1961 онд анх үүсгэн байгуулагдсан загварын ордныг санагдуулах эртний кутюр өрөөнүүд болон Yves Saint Laurent-ийн студи нь байдаг.

“FIT”, Нью-Йорк хот

Нью-Йоркт байрлах “Fashion Institute of Technology” музей нь 1969 онд байгуулагдсан. Дэлхийн хамгийн бүтээлч, шинэлэг загварын үзэсгэлэнгүүд тус музейд гардаг байна. Тэд 50 жилийнхээ ойгоор музейн түүхэн дэх хамгийн сэтгэлд хоногшсон 33 үзэсгэлэнг эргэн дурссан “Exhibitionism” нэртэй үзэсгэлэнг гаргажээ. Загварын түүхийг өгүүлэхээс гадна нийгмээс шалтгаалж загвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг харуулдгаараа онцлогтой. Elsa Schiaparelli-гийн сюрриалист даашинзнуудаас эхлээд Alexander McQueen гайхалтай өвөрмөц загваруудыг эндээс үзэж болно.

“Christian Dior” музей, Гранвиль

20-р зууны домогт загвар зохион бүтээгч Кристиан Диор Францын хойд эрэгт байрлах Villa Les Rhumbs-т өсөж торнисон билээ. Тэрээр орчин тойрныхоо ягаан саарал өнгөөр будсан Норман байшингуудын архитектураас сэдэл авч загваруудаа зохиодог байсан гэдэг. Түүний хүүхэд ахуй цагтаа амьдарч байсан байшин нь 1990-ээд оны сүүлээр “Christian Dior” музей болсон ба загварын ордны түүх соёл болон түүний загваруудыг амилуулж байсан Мерилин Монрогоос эхлээд Грэйс Келли хүртэлх алдартнуудын үзвэрийг эндээс харж болно.

Gucci Garden, Флоренц хот

2018 онд Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле нь өөрийн мөрөөдлийг бодит амьдрал болгож “Gucci Garden” музейг Флоренц хотын төвд байрлах Palazzo della Mercanzia ордон дотор байгуулсан. Уг музей нь тэр чигтээ Gucci загварын ордонд зориулагдсан ба брэндийн түүхийг өгүүлэх үзэсгэлэнгийн хэд хэдэн танхимаас гадна гоёмсог интерьер бүхий дэлгүүр болон дэлхийн шилдэг ахлах тогооч нарын нэг болох Массимо Боттурагаар ахлуулсан тансаг зоогийн газартай.

MoMu, Антверп хот

2002 онд үүсгэн байгуулагдсан “MoMu” музей нь Бельгийн орчин үеийн загварын музей юм. Байгуулагдсан цагаасаа хойш жил бүр 2 том хэмжээний үзэсгэлэнг гаргадаг бөгөөд үзэсгэлэн бүрд тусгайлан зориулж сэдэвчилсэн засал чимэглэл хийдэг байна. Тийм ч учраас музейгээр зочлох болгонд өөр өөр загвар зохион бүтээгчдийн цоо шинэ үзэсгэлэнг үзэж, очих бүртээ өөр мэдрэмжийг авах боломжтой.

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …