Шилдэг старт-ап залуучуудад 10 сая төгрөгийн батламж гардуулав

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр арга хэмжээг 2022-2023 онд хэрэгжүүлэхээр баталсан. 

Үүний хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ технологи, инновац бүхий шинэлэг санаа, санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулж, бизнесээ эхлүүлэх, гарааны дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд бүртгэлийн үйл ажиллагааг 2022.05.27-2022.06.12-ны хугацаанд цахимаар зохион байгуулсан. 

Нийт 478 залуучуудыг бүртгэж, нэг дэх үе шат буюу “Гарааны бизнесээ эхлүүлэх” 54 цагийн арга хэмжээнд 269 залуучуудыг хамруулж, хоёр дахь үе шат буюу “Бэлтгэл хурдасгуур” арга хэмжээнд 43 багийн 101 залуучуудыг менторын тусламжтайгаар бизнес санаагаа хөгжүүлэх, харилцан биенээсээ суралцах үйл ажиллагааг таван хоног буюу 2022 оны 07 дугаар сарын 01-н хүртэл зохион байгуулсан.

Арга хэмжээний 3 дахь үе шат буюу Хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах арга хэмжээг “Мэдээлэл технологийн үндэсний парк”-д 2022 оны 07 дугаар сарын 02-нд зохион байгуулж, 42 багийн 98 залуучууд өрсөлдсөнөөс шилдэг Старт-ап 18 баг шалгаран, 2022 оны 07 дугаар сарын 03-нд санхүүгийн дэмжлэг олгох батламжаа гардан авлаа. Ёслолын арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нээлээ.

Шилдэг Старт-ап залуучуудад санхүүгийн дэмжлэгийг хоёр дахь жилдээ эргэн төлөх нөхцөлгүйгээр олгож байгаагаараа онцлог юм. 

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Стартап маркетинг спэйс ХХК, Хөгжлийн шийдэл ТББ, Шинэ эхлэх цэг ТББ хамтран оролцож зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Алтантулга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцож, шалгарсан багуудад гарааны бизнесээ эхлүүлэх, тогтвортой эрхлэх үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.