Завьт эргүүлийнхэн голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав

Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм.

Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг.

Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд хамтран аадар бороо орж, үер буусны улмаас болон аливаа үүдэн гарах аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, иргэд голын усанд живэх, амиа алдахаас сэргийлж зургадугаар сарын 10-наас эхлэн өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 94 км газарт завьт эргүүл гарч буй юм. Энэ хүрээнд голын эрэг орчимд амарч буй иргэдэд сэрэмжлүүлэг өгөх ажлыг гүйцэтгэж, эргүүл хийсний дүнд нийт 34 иргэнийг живж байхад нь аварчээ.

Завьт эргүүлд НОБГ-ын Аврах ангийн үндсэн болон бэлтгэл ээлжийн бүлэг, дүүргүүдийн бэлтгэл ээлжийн бүлгийн бие бүрэлдэхүүн зэрэг давхардсан тоогоор нийт 80 орчим албан хаагч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд найман автомашин голын салаанд боогдсон байсныг завьт эргүүлээр илрүүлж, 15 иргэнийг голын цаанаас татан авчээ. Завьт эргүүл 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сарын 15-н хүртэл ажиллах юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд төвийн бүсээр тур зуурын, хүчтэй аадар бороо орно гэсэн мэдээлэл өгсөн. Гол болон голын сайр дагуух айл өрхүүд онцгой сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аж, ахуйн нэгж, байгууллагууд ус зайлуулах хоолойг чөлөөтэй байлгах хэрэгтэй” хэмээн сэрэмжлүүлэв.

Усанд осолдож, амиа алдсан иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон, голын аюулгүй хэсэг эсэхийг мэдэхгүй ч гаталсан байдаг аж. Түүнчлэн шаардлага тавихад биелүүлэхгүй байх, сануулга, анхааруулгыг үл тоох зэрэг асуудал тулгардгийг албаныхан онцолж байлаа. Иймд НОБГ-ын зүгээс иргэдэд анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, огт мэдэхгүй болон баталгаагүй гарцаар гол гатлахгүй байх, аялал зугаалгад явахдаа цаг агаарын мэдээ харах, аадар бороотой үед голын эргээр зугаалахгүй байх зэргийг анхааруулж байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.