“Швейцар цом-2022” шагайн харваан наадам амжилттай болж өндөрлөв

Швейцарын Холбооны Улсад үйл ажиллагаа явуулж буй “GM-STAR” клубийн дэргэдэх “Монгол шагайн харваа”-ны 10 жилийн ойн нэрэмжит “Швейцар Цом-2022”, “Монголын шагайн харвааны холбоо”, “Европын нэгдсэн салбар холбооны нэгдсэн наадам” 2022 оны 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Женев хотноо амжилттай болж өндөрлөлөө.
ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн үндэсний уламжлалт шагайн харваан наадамд Франц, Герман, Бельги, Швед зэрэг 12 орны 25 багийн 200 орчим харваач оролцож, цэц мэргэнээ сорив. ШХУ-д суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа наадмыг нээж хэлсэн үгэндээ үндэсний уламжлалт шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэхэд харваачид, өвлөн тээгчдийн хувь нэмэр чухлыг онцлоод цаашид энэ төрлийн соёлын арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Энэхүү наадам нь ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, үндэсний соёл уламжлалаа ШХУ-д сурталчлан таниулахын зэрэгцээ харваачдын ур чадвар, чансааг дээшлүүлэхэд чухал арга хэмжээ боллоо.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.