Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон “Монгол Контент” ХХК-ийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд Үндэсний их баяр наадмын түншээр ажиллах, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү бөхийн бай шагнал, тусламжийн ажлуудыг хүмүүнлэг болон улс нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тухайлбал, өнгөрсөн жил түрүү бөхийн нэрэмжит TOYOTA HIACE машиныг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэсэн. Хүнд хэцүү цар тахлын үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад уг автомашин хэрэг болно хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргаж байв.

Тэгвэл энэ онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд ЭХЭМҮТ-ийн амбулаторийг тохижуулахаар шийдвэрлэлээ. Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсэг нь 283.8 м.кв бөгөөд энэ талбайг тохижуулах юм.

“Тоёота Мотор Корпорац” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэжээ.

Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Наадмын зохион байгуулалтын ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар голлох үүрэгтэй. Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналыг нийгмийн хариуцлагын хүрээнд олгодог Тоёота брэндийг нийгэмд сурталчлах, хамтрах боломжтойг иргэдэд таниулах нь биднээс өгч буй дэмжлэг юм. Тоёота Сэйлс Монголиа нийгмийн хариуцлагаа хүлээж энэ жил ЭХЭМҮТ-ийг тохижуулахаар болж байна. Монгол түмний баяр наадмыг хүндэтгэж түншээр оролцож байгаад баяртай байна. Дараагийн ажлуудаа илүү хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй зохиоход хамтарна” гэлээ.

Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи “Тоёота 2021 оноос эрхэм зорилгоо бүгдэд зориулсан аз жаргалыг үйлдвэрлэх гэж тодорхойлсон. Аюулгүй, амар тайван байдал нь аз жаргалыг бий болгох хамгийн чухал суурь юм. Тоёотагийн аюулгүй автомашиныг нийлүүлэн, ашиглалтын баталгааг хангах замаар аз жаргалтай, эрүүл монгол хүний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулна гэж үздэг.

“Тоёота Мотор Корпорац” нь дэлхийн олон улсад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж буй. Энэ урт хугацааны зорилтоор дамжуулан монголчуудын нийгэм, эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг хийх бодолтой байна. Монголчуудын аз жаргалыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Хэн бүхэн аюулгүй, аз жаргалтай байгаасай” хэмээв.

Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг “Тоёота Сэйлс Монголиа” компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар “Монгол Контент” ХХК ажиллаж байна. Баяр наадмын бай шагнал, тусламжийн ажлуудыг зохион байгуулахаас гадна зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийж байна.

42 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг, 215 мянган хүн амбулаторийн үйлчилгээ авч, 12 мянган эх амаржиж, 15 мянган мэс засал хийдэг хамгийн их ачаалалтай ажилладаг ЭХЭМҮТ-ийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ТЭЗҮ-г бэлэн болгоод байна” гэв.

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …