Паркийн газартай холбоотой гарсан саналаар тогтоолын төсөл боловсруулна

Нийслэлийн ИТХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулсан “Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлыг хэсэг хуралдлаа.

 Төлөөлөгч Б.Мягмараар ахлуулсан тус ажлын хэсэг “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн газар олголт, хувьчлал, хувь эзэмшил болон паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсож, санал солилцов.

Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд газар эзэмшигч, ашиглагч 8 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Хүрээлэнд анх 35 га газрыг эзэмшүүлэхээр олгосон ч өнөөдрийн байдлаар 31.2 га нь хүрээлэнгийн нэр дээр байдаг аж.

Цаашид хүрээлэнгийн газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт, зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах ёстой гэдэгт Ажлын хэсгийн гишүүд санал нэгдлээ. Ингэхдээ талбайн хэмжээ болон зориулалтад өөрчлөлт оруулахгүй, бусдад шилжүүлэхгүй байхаар тогтоолд тусгах юм. Мөн энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахаар ажлын хэсгийн гишүүд санал нэгдэв. Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг нэгтгэн, тогтоолын төсөл боловсруулж Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.