Хотын стандартыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хамтарсан хуралдаан болж, Хотын стандартын талаар хэлэлцлээ. Тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. 

Хотын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, ая тухтай бүтээн байгуулалтыг бий болгоход чиглэсэн хотын стандартын тогтолцоог бий болгох ажлын эхлэл бөгөөд эхний шатанд 9 бүлэгт хамаарах 38 хотын стандартыг батлах юм. Засаг даргын орлогч Р.Дагва нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, чанарын дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хот төлөвлөлт- хот байгуулалт, бие даасан инженерийн дэд бүтцийн талаар хот ямар стандарт мөрдөхийг танилцуулав. Мөн амины орон сууц, үер борооны усны байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц бий болгох, хотын соёл, дуу чимээний соёл, гудамж, зам, барилга байгууламжийн хотжилт, замын тэмдэг тэмдэглэлд стандарт мөрдүүлэх юм.

 Тухайлбал, Нийгмийн дэд бүтцийн стандартад ЕБС, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагын гадна орчинд тавигдах ерөнхий шаардлагыг тусгасан бөгөөд энэ нь сурагчид болон эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд ая тухтай орчин бий болж, иргэдийн сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлэхэд чиглэгджээ. Хуралдааны үеэр төлөөлөгчид хотын стандарттай холбоотой асуулт тавьж, санал хэлсэн юм. Тухайлбал, төлөөлөгч Р.Сэргэлэнбаатар тогтоосон стандартыг мөрдүүлэх боломжгүйгээс бүтээн байгуулалтын зарим ажил удааширч буйг тодотголоо. Тухайлбал, явган хүний зам 1.5 м хэмжээтэй байх ёстой гэдэг стандартыг гэр хорооллын гудамжид мөрдүүлэх боломжгүй байдгийг сануулав. Тиймээс стандартыг мөрдүүлэхдээ тухайн хэсгийн онцлогийг харгалзан үзэж байх саналыг гаргалаа. Харин төлөөлөгч, НИТХ дахь Хөдөлмөрийн үндэсний намын бүлгийн дарга Д.Гантулга анхнаасаа стандарт зөрчигдөж, хэт барилгажсан хэсгүүдэд ямар стандарт мөрдүүлэхийг тодруулсан бол, Б.Нэргүй хотын шинэ стандарт аж ахуйн нэгж, иргэдэд дарамт болохвий гэдгийг сануулсан юм. Улмаар стандарт баталснаас хойш, ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад стандартыг хатуу мөрдүүлэх ёстойг онцлов. 

Улмаар төлөөлөгчдийн олонх тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. 

Машин цагийн тарифыг шинэчлэн тогтооно

Үргэлжлүүлэн Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдсан бөгөөд “Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. 

Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлээс харахад нийт зардалд шатахуун 35 хувь, тос 2 хувь, сэлбэг хэрэгсэл 10 хувь, цалингийн зардалд 29 хувь, НДШ-ийн зардалд 4 хувийг зарцуулж байгаа юм. Харин бусад зардал 13 хувийг эзэлж байна. Гэвч инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгосон байна. 

Иймд нэг машин цагийн тарифт их багтаамжийн автобуст 44,024 төгрөг, дунд багтаамжийн автобуст 39,676, байгалийн хийн хөдөлгүүртэй автобуст 48,924, цахилгаан автобуст 45,210 төгрөг байхаар тус тус тооцож, тусгасан байна. Харин угсраа автобус болон троллейбусын тарифт өөрчлөлт орохгүй юм. Төслийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн хэлэлцэнэ.  

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …